Өнөөдрөөс сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлнэ. Нэр дэвшигчид нэгдсэн самбарт сурталчилгаагаа байршуулж, А3 хэмжээтэй орон зайд өөрийгөө илэрхийлнэ.
Тэгвэл сонгуулийн үеэр тараагддаг материалыг хогийн саванд хийгээд цахим хуудсаар түүнийгээ гавьяа мэт түгээх нь олширсон. Угтаа түүнээс хийсэн ажлыг нь дүгнэн цэгнэж, дараачийн сонголтоо хийх учиртай. Гэтэл манайд хэвлэмэл сэтгүүл тарааж эхэлмэгц "гал түлж ч болохгүй, ер яаж ч болохгүй" үнэтэй цаасан дээрх мөрөөдлийн жагсаалт гэж харах нь бий. Мөн чанартаа аливааг хийж чаддаг хүн үү? үгүй юу гэсэн асуултын хариулт л бичигдэн үлдэж буй хэрэг юм. Одоо нэр дэвшигчид цахим ертөнцийг "базаж" байна. Гэтэл тасархай, бутархай, график дизайнаар "бялдсан" постууд хөвөрч байгаа нь залхаах шинжтэй боллоо.
Энэ жил томсгосон тойрогт нэрээ барсан улстөрч, нэр барьсан улстөрч, нэрийг нь ч дуулаагүй улстөрч, нэрээ ч умартах улстөрч байгаа. Энэ бүгдийн мөрийн хөтөлбөрт дараагийн 4 жилийн улс орны амьдралын зураглал, гэнэн төсөөлөл бий.
Иргэд уншиж, бодитой үр дүн, хэрэгжихүйц ажлыг сонгоно. Тэнгэрийн юм ярьж гүйснээс газарт унавал ургах олигтойхон зүйл хүлээж буй хэсэг ч байна. Нийтлэг нь эх орны ирээдүй, ард түмний халааснаас "хумсалсан мөнгө"-өөрөө үнэтэй шохойн сэтгүүл хэвлүүллээ л гэж харах болсон. Хэдий даяарчлагдан бүх зүйл цахимжиж байгаа ч цогцоор уншиж, цогц ойлголтыг авах нь нэн тэргүүний чухал алхам.
1 минутын бичлэгүүд агшин зуурын сэтгэл хөдлөлд яг тохирно. Гарцаагүй тохиромжтой юм.
2024 оны УИХ-ын ээлжит сонгуулиар бид 126 гишүүний 78 гишүүнийг сонгуулийн тойргоос олныг төлөөлөх (мажоритор) аргаар, 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх (пропорционал) аргаар сонгоно.
Сонгогч саналын хуудасны сонгуулийн тойрогт нэр дэвшигчид өгсөн саналыг тэмдэглэх хэсэгт тухайн тойрогт ногдох мандатын тоотой тэнцүү нэр дэвшигчийг сонгож тэмдэглэнэ. Мандатын тооноос илүү эсвэл дутуу нэр дэвшигч сонгож тэмдэглэвэл хуудас шууд хүчингүйд тооцогдохыг анхаарах хэрэгтэй. Яарч сандарч дугуйлахгүйгээр уншиж, судалсан дээрээ тулгуурлан өөрийн сонголтоо итгэл төгөлдөр хийх хэрэгтэй болж байна. Илүү их сонголттой болсон цаг дор нухацтай танилцах шаардлага үүсэж байгаа нь үнэн юм.
М.Жаргал