Энэ удаагийн УИХ өчигдөр буюу зургаадугаар сарын 5-ны өдөр сүүлчийн алхаа цохиж, хаалаа. Нэгдсэн чуулганы хаалтын өдөр нэгэн чухал хууль баталсан нь "Малчны тухай хууль" байв.
Үндэсний өв соёл, нүүдэлчдийн ахуй амьдрал малчдын нуруун дээр байгааг бүгд мэддэг хэр нь оновчтой бодлого, гарц шийдлийг эрэлхийлэлгүй он удаан жилийн нүүрийг үзсэн билээ.
Монголын эдийн засгийн голлох салбарын нэг бол мал аж ахуй. Атал малчид улирлын чанартай орлогын тойрогт гацаж, эрсдэл даах чадваргүй эмзэг давхаргад түгжигдээд буй.
Байгаль дэлхийн хэлгүй, дүлий үзэгдлийн өмнө хүн төрөлхтөн хүч мөхөс шиг хатуу ширүүнийг бор зүрхээрээ туулсаар өдгөөг хүрсэн тэд "хууль"-тай болсон нь УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар нарын 17 гишүүний хийсэн зоримог, цаг үеэ мэдэрсэн хүнлэг шийдэл болов.
300 мянга гаруй малчны эрх ашгийг хамгаалсан, малчдын нийгэмд эзлэх байр суурийг бэхжүүлж, боловсрол мэдлэгтэй, "үйлдвэрлэгч малчин" болж, шат ахих боломжийг хуулийн хүрээнд бий болгож буй нь ирээдүйд нүүдэлчдийн амьдралын хэв маяг хурдацтай хөгжлийн эргүүлэгт хөл тавих ахиц болох юм.
Салхийг сөрж гэмээн амьдардаг малчны хотонд төрийн нүд чих, гар хөл хүрсний тод илрэл хууль хэрэгжих мөчөөс амилах нь. Эдийн засгийн тулгуур гэгддэг ч царцанги байгаа МАА-н салбар бэлчээрийг талхаддаг бус байгальд ээлтэй, бүтээмжтэй, эрсдэлгүй байх шинэ замын эхлэлд ирж байна.
Малаа нядлах, ямаагаа самнах, сүү цагаан идээгээ бэлтгэхээс өөрөөр орлогын эх үүсвэрээ тэлэх боломж нээгдэж, ченжийн амыг дагуулан малын түүхий эд хүртэл үнэгүйддэг цаг ард хоцрох юм. Учир нь хуулиар түүхий эдийн нэр төрөл, чанарын үнэлэмжээс хамаарсан урамшуулал болон үнийн үнэлгээг тогтоож өгнө. Дагаад малчдын амьдралын чанар дээшилж, мал аж ахуйн салбарт хөгжих "гарц" нээгдэх юм. Мэдлэг боловсролтой малчныг хөгжүүлэх, боловсон хүчнийг бэлтгэхэд төрийн оролцоог хуулиар ийнхүү хангаж өгч байна.
М.Жаргал