Н.Номтойбаярын СЕХ-нд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг шийдэх нээлттэй шүүх хурал болж байна. Шүүх хурлын өмнө Н.Номтойбаяр байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр "Нэр дэвшилттэй холбоотойгоор Сонгуулийн ерөнхий хорооноос Цагдаагийн гаргасан тодорхойлолтод үндэслэж, өөрсдөө хууль зөрчиж Үндэсний Эвсэлийн жагсаалтын нэгд байгаа Н.Номтойбаяр миний биеийг хасах шийдвэр гаргасантай холбогдуулан Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Өнөөдөр миний бие нэхэмжлэгчээр хэдий ч, шүүхийн өмнө зогсож байгаа нь 2019 оноос эхлэлтэй. Дандаа л зөрүүтэй тогтоол, хүний царай харсан шийдвэрийг гаргаж ирсэн. Тухайн үед ХНХ-ын сайдаар ажиллаж байхдаа гаргасан тогтоол шийдвэрийг хууль зөрчиж буруутай гэж үзсэн атлаа бусад сайд нарын яг адилхан тогтоолыг хуульд нийцэж байна гэж үздэг. Үүнээс үүдэлтэйгээр намайг барьж хорьсон. Хорих хорихдоо 2020 онд бие даагчаар СЕХ-нд бүртгэгдээд байхад 24 цагийн дотор яллах дүгнэлт үйлдэж барьж хорьж, сонгуульд өрсөлдөх боломжийг хаасан. Хэдийгээр өнөөдөр барьж хориогүй байгаа боловч Цагдаагаас гаргасан хуульд нийцэхгүй тодорхойлолт дээр үндэслээд шийдвэр гаргачихаж байна. ХЭҮК нягталж үзээд хэвлэлийн хурал хийснийг сонслоо.
Авлига, албан тушаалын хэрэгт холбогдоогүй гэдэг тодорхойлолтыг Хан-Уул дүүргийн цагдаагийн газраас гаргаж өгсөн. Гэтэл н.Батбаатар гэж хүн тодорхойлолт гаргаж хүргүүлэхдээ авлигын хэрэгт хамааралгүй асуудлыг хамааралтай мэтээр бичиг өгснөөр төөрөгдөл үүсгэсэн. Сонгуулийн тухай хуулийн хэрэгжилтийг СЕХ хангадаг. Хуульд байхгүй тайлбар, тодорхойлолтыг гаргаж өгч байгаа дээр анхаараач, ноцтой асуудал гэж хандаад байхад шалгаж нягталж үзээ ч үгүй.
Хууль хүний царай хардаггүй, хууль зөвхөн хуульд захирагдана гэдэгт найдаж нэхэмжлэл гаргасан. Ямар ч тохиолдолд би Үндэсний эвсэлийг удирдаж оролцоно" гэв.
М.Жаргал
Сэтгэгдэл (6)