УИХ-ын чуулганы хуралдааны хаалтын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэллээ.
Тэрбээр "Энэ УИХ маш онцлогтой УИХ байлаа. Ерөнхий сайдаар томилогдох үед танхим хуралдаж чадахгүй байсан цаг хугацаа. Бүгд масктай, шилэн хоргоны цаанаас харилцдаг, хил хэзээ нээгдэх нь тодорхойгүй, эдийн засаг -4,7 хувь, улсын төсөв 30 орчим хувиар тасарсан байсан цаг хугацаа. Цар тахлыг даван туулах Засгийн газрын бодлогыг УИХ дэмжиж ажилласан. Түүний хүчинд вакциныг цаг алдалгүй татан авч, вакцинжуулалтыг хийж чадсан. Улс төр дөхсөн үед парламентын гишүүд намын хувьд өөр үзэл бодолтой ч улсынхаа хувьд том зургаар харж байсанд талархах учиртай.
Олон жил бугширсан авлигын асуудалтай нам харгалзахгүй тэмцэх, олон бугширсан асуудлыг ил тод болгох. Дараалсан олон сонсгол хийж, олон санг ил тод болгож, эрх зүйн орчноо чанга болгож, УИХ, Засгийн газрын гишүүд өөрсдөө төрийн тендерт оролцохгүй гэдэг шийдвэр гаргаж чадсан. Олон намын төлөөлөлтэй парламенттай байхын тулд улс төрийн зөвшилцөл рүү явсан. УИХ-ын гишүүд тойрогт очоод гишүүдийн тоог нэмэх тухай ярихад хүнд байсан. Гэсэн ч илүү олон ургалч үзэлтэй, нийгмийн сегментийн төлөөллийг хангаж чадах нь туйлын чухал байсан. Бид хийж чадсан.
76 гишүүнтэй парламентыг түүх болгон үлдээж, холимог тогтолцоотой 126 гишүүүнтэй парламенттай болох эрх зүйг Үндсэн хуулиараа баталгаажуулж чадсан.
Олон жил ярьсан Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг баталж чадсан. Байгалийн баялгаасаа хувь хүртэх, байгалийн баялгаа ашиглуулж байгаа орон нутаг түрүүлж хөгжих, боломжтой эрх зүйн суурийг баталсан. Дэмжиж ажилласан парламентын гишүүддээ Засгийн газрын гишүүдийнхээ нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Мөн өнгөрсөн гурван жилийн хугацаанд олон зүйлд хамт ажилласанд талархаж байгаагаа илэрхийлж байна" гэв.