Дэлхий нийтээр цар тахалтай тэмцсэн хүнд үе байлаа. Эрүүл мэндийн салбарт халаа сэлгээ хийгдэв. Ковидгүй монголыг хүлээлгэж өгсөн гэж ярих Д.Сарангэрэл гишүүнээс энэ суудлыг залгамжилсан хүн нь мэс заслын эмчийн халадаа тайлж, хослол өмссөн Т.Мөнхсайхан байв. Тэр удаагүй. Зургаан сар л сайдын суудалд суусан. Тухайн үед дотоодод ковид-19 халдвар тархаж, амны хаалт олдохоо байж, бүр үнэ нь тэнгэрт хадаж, эмчилгээний зардал 8 саяыг давж байсныг та бүгд санаж буй биз ээ. Хожим, зөвлөх бээр "эрчимт эмчилгээ"-ний зардал угаасаа л ийм гэсэн утга бүхий зүйлийг хэвлэлд ярьсан байдаг.
Эрүүл мэндийн сайдын суудлаас буусан шалтгаан нь одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Засгийн газар огцорсонтой адил амаржсан эхэд хүнлэг бус хандсан гэх. Тэрбээр эл үйл явдалд хариуцлага хүлээж, чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн.
Гэхдээ үхэл хагацалд бөхийгөөгүй төр, энэ үйл явдал л танхимаараа огцорсон юм шүү дээ. Ингээд сайдын суудлаас бууж, зөвлөхийн суудалд очсон гэх мэт бүх зүйл учир зүйтэй.
Тийм айхавтар "хүнлэг төрийн хүн" зөвхөн "хүнлэг эзэн" байж чаддаггүй гэгдэх. Тодруулбал, түүний хувь эзэмшдэг "Хүчит шонхор" захад махны худалдаа эрхлэгчдийн түрээсийг гэнэт ихээр нэмсэн буюу 650 мянган төгрөг, 2,050,000 төгрөг, 2.7 сая болгож нэмсэн гэх мэдээлэл байв. Үүнд тэрбээр "мэдэхгүй" гэх хариултыг өгч байж.
“Хүчит шонхор” зах нийслэлдээ л монопол. Тийш зүглэх иргэдийн цуваа ч үл тасарна. Гэвч энэ захын талаар цар тахлын үед халдвар хамгааллын дэглэмийг сахьдаггүй, ариун цэвэр муу, гулууз махыг шороотой шидчихдэг, үнийг хөөрөгддөг зэрэг олон асуудал байдаг гэгддэг. Хамгийн гол нь тус зах нэг хэсэг үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй явж ирснээс гадна захын бүх жин хэмжүүр хэмжилтийн гэрчилгээгүй зэрэг ноцтой зөрчлүүд ч гарч, Т.Мөнхсайханы "нүүрийг шарж байв".
УОК-ын гэнэтийн шийдвэр болон коронавирусийг дотооддоо алдсан гэх мэдээллээр иргэд хүнсний бүтээгдэхүүний эрэлт, хэрэгцээг нэмэгдүүлснээр томоохон зах худалдааны төвүүд үнийн хөөрөгдөл үүсгэж эхлэсэнд бас л "Хүчит шонхор" манлайлж байсан билээ.
Үнэндээ "хүчгүй"-д л "хүчтэн" юм, тэд. Сайн мэс засалч бол эмнэлэгт л тохиромжтой. Захынхаа учрыг олоогүй хүн төр засаг түшилцэх нь юу л бол. Хариуцлага хүлээж байна гэсэн нэр зүүж, зөвлөхийн багны ард нуугдсан нь 2024 оны "ирээдүйн төлөвлөгөө" байж. Салбарыг тогтолцоогоор нь өөрчилнө гэсэн эрмэлзэлтэй яваа гэсэн атлаа хөл толгой нь мэдэгдэхгүй асуудлын дүйвээнээр "зугтчихсан" нэгэн шүү дээ. Энэ хариуцлага хүлээсэн явдал гэж үү. Загасны ой санамжтай бүхний толгой дээр Т.Мөнхсайхан тоглож байна. Тэгвэл тахал дунд иргэдээ "хаяж зугтсан" Т.Мөнхсайхан парламентад "шургалах" эрхтэй юу?
Үргэлжлэл бий...
М.Жаргал
Сэтгэгдэл (8)