Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Бүгд Найрамдах Беларусь Улсын Боловсролын сайд А.И.Иванецыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Л.Энх-Амгалан сайд Монгол Улс болон Беларусь Улс дипломат харилцаа тогтсоны 32 жилийн ой тохиож байгааг онцлоод энэ хугацаанд уламжлалт найрсаг харилцаагаа хадгалан, эдийн засаг, хөдөө аж ахуй, тээвэр тэр тусмаа боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхтэй өргөжиж байгаад талархаж байгаагаа илэрхийлсэн юм.
Беларусь Улсын Боловсролын сайд А.И.Иванец уулзалт найрсаг, ажил хэрэгч болж байгаад талархлаа илэрхийлэн хоёр улс хоорондын хамтын ажиллагаа өргөжин тэлнэ гэдэг итгэж байгаагаа хэлэв.
Мөн талууд хоёр орны шаардлага, хэрэгцээнд нийцүүлэн шинжлэх ухаан, техник, инновацын хамтын ажиллагааны тэргүүлэх ойн нөхөн сэргээлт, үржүүлэг, ургамал, газар тариалан, түүх, археологи судлалд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар ярилцсан юм.
Түүнчлэн Беларусь Улсын Засгийн газраас олгож буй тэтгэлэг, тэр тусмаа Беларусь Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны “Тэтгэлгийн тухай” зарлигийн дагуу Монгол Улсын иргэнд олгох тэтгэлгийн тогтолцооны сургалтын квотыг нэмэгдүүлэх, мэргэжлийн болон техникийн боловсролын чиглэлээр хамтран ажиллаж энэ чиглэлээр мэргэжлийн хүний нөөцийг бэлтгэх, Монгол Улсын Хөдөө аж ахуйн их сургууль, Беларусийн улсын хөдөө аж ахуйн академитай хамтран хөдөө аж ахуйн чиглэлээр монгол мэргэжилтнүүдэд мэргэжил дээшлүүлэх сургалт зохион байгуулах, Беларусийн Үндэсний Шинжлэх Ухааны Академийн Ойн Хүрээлэн, Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Ботаникийн цэцэрлэгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх зэрэг ажлыг хамтран хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцлоо.
Уулзалтаар
-Бүгд Найрамдах Беларусь Улсын Боловсролын яам болон Монгол Улсын БШУЯ-ны боловсролын салбарт хамтран ажиллах замын зураглал (2024-2026),
-Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондын боловсролын баримт бичиг харилцан хүлээн зөвшөөрөх тухай хэлэлцээр,
-Шинжлэх ухаан, технологийн салбарт Беларусь Улсын Үндэсний шинжлэх ухааны академи болон Монгол Улсын ШУА-ийн хоорондын гэрээ,
-Бүгд Найрамдах Беларусь Улсын Янка Купалагийн нэрэмжит Гродненскийн улсын их сургууль, Монгол Улсын ШУТИС-ийн хамтын ажиллагааны гэрээнд талууд гарын үсэг зурав. Сонирхуулахад, хоёр улсын Засгийн газрын “Боловсролын салбарт хамтран ажиллах тухай” хэлэлцээрийн хүрээнд Беларусь Улсаас олгож буй Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт манай улсаас өнөөдрийн байдлаар 28 оюутан суралцаж байна. Мөн Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн сан, Беларусийн суурь судалгааны сан хооронд байгуулсан санамж бичгийн хүрээнд Беларусь Улс 2009-2022 онд нийт 35 төслийг 323,7сая төгрөгөөр санхүүжүүлжээ.