УИХ дахь АН-ын бүлгийн өргөтгөсөн хуралдааны дараа АН-ын дарга Л.Гантөмөр болон бусад гишүүд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийв. УИХ-ын ээлжит сонгуулийн нэр дэвшүүлэлттэй холбоотой үүсээд буй нөхцөл байдал, нийтэд түгээд буй зөрүүтэй мэдээллүүдэд хариулт өгсөн Л.Гантөмөрийн мэдээллийг товчлон хүргэе.
АН-ын дарга Л.Гантөмөр “АН УИХ-ын ардчилсан ес дэх удаагийн сонгуульд оролцоход бэлэн. Манай нам сонгуульд оролцох бүртгэл, нэр дэвшүүлэлтээ дүрэм журмын дагуу бүрэн хийж, хуулийн хугацаанд буюу тавдугаар сарын 20-нд УИХ-ын сонгуульд оролцох нэр дэвшигчдийн нэрсийг зарласан. 2016, 2020 оны сонгуульд АН үсгүй ялагдсан. 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ч ялагдсан. Энэ удаагийн сонгууль бол зүгээр нэг УИХ-ын сонгууль биш, Монголын ардчилал байх уу, үгүй юү гэдгийг шийдэх сонгууль. Өнгөрсөн зургаан сарын хугацаанд АН-ын гишүүд, УИХ дахь АН-ын бүлгийн зөвлөхүүд, намын удирдлага “Бүтэн Монгол-Бүрэн ардчилал” үндэсний хөтөлбөрөө гаргахын тулд орон даяар 2-3 удаа бүтэн тойрсон. Ингэж явахдаа Монголын асуудал нь юунд байна вэ гэдгийг маш нарийн тодорхойлж гаргасны үндсэн дээр эдгээр асуудлыг шийдэх парламентыг бүрдүүлэх гишүүдээ нэр дэвшүүлж, илгээлээ.
Монголын хамгийн том асуудал бол авлига. Авлигыг шийдэж чадах хүмүүсийг л илгээгээрэй гэж АН-ын гишүүд, дэмжигчид захиж байна. Дараагийн том асуудал бол ажилгүйдэл, үнийн өсөлт. Ажилгүйдэл, үнийн өсөлтийн дарамтыг арилгах баг бүрэлдэхүүнийг ард түмэн хүсэж байгаа. Монголчуудын хамгийн том зовлон бол өр. Өрийн дарамтад бүгд орсон байна. Өрийн эргүүлгээс Монголыг чөлөөлөх нь манай 126 нэр дэвшигчийн гол хийх ажил болно. 126 нэр дэвшигчийг тодруулахад тавьсан хамгийн гол дөрвөн шалгуур бол энэ.
Нэр дэвшигчдээ тодруулахдаа эхлээд бид намын гишүүдээсээ асуусан. Дараа нь аймаг, дүүргийн намын хороодоос асуусан. Тэгээд Сонгон шалгаруулах хороо байгуулж, тэндээ сонгон шалгаруулалтыг хийлээ. 78 тойрогт өрсөлдөх 78 нэр дэвшигчийг гаргаж ирэхдээ бид тойрог бүрт дөрвөн удаа судалгаа хийсэн. Тойрогт танигдсан байдал, тодорхой асуудлыг шийдэх шийдэл, ард түмний хүлээлт зэргийг үндэслэж нэр дэвшигчдээ тодруулсан.
Өнгөрсөн найман жилд шийдэгдээгүй авлига, хулгай, дээрэм, өр, ажилгүйдэл, ядуурал, боловсрол, эрүүл мэндийн уналтыг шийдэж чадах гарц, шийдэлтэй хүнийг л бидэн рүү явуулж өгөөч гэж ард түмэн хүсэж байгаа нь бүх түвшинд хэлэлцэгдэж гарч ирсэн.
Тиймээс бид ялагдаагүй Ерөнхийлөгч учраас Х.Баттулгыг дэвшүүлж байна. Монголд үйлдвэрлэл хөгжихгүй бол болохоо болилоо гэдэг утгаар үйлдвэрлэгчид, инженерүүдийг дэвшүүлсэн. Хэлмэгдсэн Ерөнхий сайд Н.Алтанхуягийг дэвшүүллээ. Шинэ залуу нэр цэвэр улс төрчийг явуулаач гэсэн нийтийн хүлээлт байгаа учраас хуучин улс төрчид, засаг, төрд ажиллаж байсан хүмүүсээ олонхийг нь хойш суулгасан. “Та хэд минь энэ удаа АН-аа дэмжиж, ардчиллаа хамгаалж оролцоод өгөөч” гэсэн хүсэлт тавьсан. Туршлагатай улс төрчид маань ч үүнийг ухамсарласан. Шинэ залуу хүн хүсэж байгаа олон нийтийн хүлээлтэд хариулахгүй бол болохгүй гэдэг байдлаар энэ удаагийн нэр дэвшүүлэлтийг хийсэн гэдгийг дахин онцолъё. Манай 126 нэр дэвшигчийн 102 нь шинэ залуу үеийн төлөөлөл, анх удаа нэр дэвшиж байгаа хүмүүс. УИХ, Засгийн газрын түвшинд ажиллаж байсан 20 орчим хүн бий. Бид тодорхой шийдэл, туршлага харахаас гадна сонгогчдын итгэлийг тээж, дэмжлэгийг авч чадах шонхоруудыг илгээсэн.
Жагсаалтад бичигдсэн 48 нэр дэвшигчийн тухайд, улс төрийн ажлын туршлагатай 4-5 хүн л орсон. Бусад нь нийгмийн бүх салбарын төлөөлөл.
Одоо АН-ын 126 нэр дэвшигчийг бүртгэж авах, материалыг нь хянах процесс СЕХ-нд үргэлжилж байна. АН сонгуульд оролцохоо илэрхийлээд батламжаа авчихсан. Манай нам Монголын ардчиллыг хамгаалж УИХ-ын сонгуульд оролцоно. АН-ын шийдвэр нэг. Намын шийдвэр, намын даргын явуулсан нэрс нэг байгаа. Энэ шийдвэрт бусад зүйл нөлөөлөхгүй” гэв.
Сонгууль бол сэтгэл хөдлөл биш, шийдэл
Мэдээллийн дараа тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Жагсаалтад бичигдсэн хүмүүсийг ямар зарчмаар тодруулсан бэ?
-Сонгууль бол сэтгэл хөдлөл биш. Сонгууль бол хэн намаа удирдаж, ямар бодлого танилцуулж ялалт байгуулах вэ гэдэг шийдэл. Бидний хувьд, жагсаалт гаргахдаа нэгдүгээрт, ардчиллын үзэл санааг тээгч байх, хоёрдугаарт, найман жил шийдэж чадаагүй асуудлыг шийдэх шийдэлтэй байх, гуравдугаарт, нийгмийн төлөөлөл байх гэсэн гурван зарчим баримталсан. Манай намын жагсаалтад бичигдсэн 48 хүний 5 нь л УИХ, Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан, үлдсэн 43 нь шинэ, залуу үеийн, нийгмийн төлөөлөл байгаа. Энэ бол шийдэл гаргахын төлөөх жагсаалт. АН-ын нэрээр шал өөр хүмүүс харуулаад, өөрсдөө ард нь нуугдахыг хүсээгүй учраас өөрөө жагсаалтаа тэргүүлсэн. Жагсаалтад залуу хүмүүс оруулсан тухай их ярьж байна. Залуусыг жагсаалтын дээгүүр оруулахыг намын залуу гишүүд хүсэж байгаа юм. Залуус сонгууль өгөхгүй байна, залуусын улс төрийн идэвх багасаж, улс төрөөс холдоод байна. Залуус улс төрөөс холдохоор улс орон мөхөөд байна. АН итгэл үнэмшилтэйгээр залуу үеэ гаргах ирэх хэрэгтэй гэдэг бодлогоор залуу хүнийг дээгүүр бичсэн. Манай нэр дэвшигчдийн дундаж нас 45.
-Өнгөрсөн хоёр сонгуульд ялагдсан шалтгаан тань АН-ын эв нэгдэлгүй байдал байсан. Намын эв нэгдлээ цэгцэлж чадсан уу?
-АН-ын бусад намаас ялгарах гол ялгаа нь ил тод байдал. Бидний эв нэгдэл бол олон ургальч үзлийн нэгдэл гэж би олон удаа хэлж байна. Олон ургальч үзэлгүй, бүхнийг хөшигний ард шийддэг, юу ч болж байсан гишүүд нь дарга нарынхаа үгнээс гаждаггүй эв нэгдэл ямар хортойг бид өнгөрсөн найман жил хангалттай харлаа шүү дээ. Манай нам бол дарга бүгдийг шийддэг, дарангуйллын тогтолцоотой нам биш. Сая УИХ-ын сонгуульд нэрээ дэвшүүлэхээр 240 хүн саналаа ирүүлсэн. Тэдний 126 нь дэвшиж, мөн тооны хүмүүс дэвшиж чадахгүй үлдсэн. Тэд эмоцио илэрхийлэхээр АН эв нэгдэлгүй гэдэг. Уг нь бол бодож санаж байгаагаа ил гаргаж, өөрийгөө илэрхийлэх нь ардчиллын үндэс юм. Ингэж байж Ардчилсан нам байна шүү дээ. Түүнээс гишүүдийнхээ үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, уурлаж бухимдах эрхийг хаачихвал ардчилал нурж, Хойд Солонгос болно. АН алга ташиж, уриа лоозон тавиад, хуйвалдаад суувал ялагдана. АН тэсэрч байвал олон түмнийхээ талд байна гэсэн үг. Манай намд байгаа бүх хүн монголчуудын эрх чөлөөний төлөө байдаг. АН-д эрх чөлөөний дайсан нэг ч байхгүй. Үүнийг баттай хэлье.
Сэтгэгдэл (3)