Ардчилсан намын дотоод ардчилал хэрээс хэтэрч, хөл толгой нь мэдэгдэхээ болив. Нэр дэвшигчдийг тодруулах хурал дээр, хурлын дараа ч АН-ынхан "гэдсэндээ хөлөө хийлцэж" байсан юм. Тэр нь Монгол Улсын парламентын гол сөрөг хүчин байсаар ирсэн ганц намыг сонгуульд оролцох уу, эс оролцох уу гэдэг эгзэгтэй байдалд тулгаж орхив. Аливаа зүйл хэм хэмжээ ихэдвэл савандаа багтахаа больдог нь жам ёсны зүйл билээ.
Нам, эвсэл нэр дэвшигчдийн баримт, материалыг хүлээлгэж өгөх хугацаа тавдугаар сарын 25-ны өдөр дуусгавар болчихсон. Нийтдээ 19 нам 2 эсвэлээс 1370 нэр дэвшигчийн баримт материал СЕХ-нд ирээд буй тухай мэдээлсэн. АН-аас тогтоол болон 126 нэр дэвшигчийн мэдээллийг хүргүүлсэн байдаг. Гэтэл үүнээс хойш тус намын Сонгуулийн ерөнхий хороотой шууд харьцах хүнээс 9-р тогтоол, 74 хүний нэр бүхий бичгийг хүргүүүлэхдээ тогтоолд техникийн алдаа гарсан байна гэдэг агуулгыг илэрхийлжээ.
Сонгуулийн хорооноос Ардчилсан намд тавдугаар сарын 26-ны дотор тайлбар, тодруулгыг авах хүсэлтийг тавьсан ч "амьд хүн" алга. Ямар ч албан ёсны тайлбарыг өгсөнгүй. Хууль ярьж, шударга ёс, ард түмэн, эрх чөлөө гэж ярьдаг хүмүүс ард иргэдийг төөрөгдөлд хөтөлж байгаа нь энэ үеийн эмгэнэл байна. Эл намд хүн бүр үгээ хэлж, хүслээ илэрхийлж чаддаг гэж "сайшаан магтах" нь элбэг байлаа. Гэтэл ганц нам шалаанд ороод зогсохгүй ард түмэн сонголтын өмнө шалаанд орсон хэрэг болж байна.
Зургадугаар сарын 1-ний өдрийн дотор эрх бүхий байгууллагаас нэр дэвшигчийг баталж, тогтоол гаргах учиртай. АН-ынхан шуудайнд хийсэн эвэр мэт өөр хоорондо өрсөлдсөөр сонгуульд оролцох нүүргүй болох нь.
М...Жаргал
Сэтгэгдэл (1)