Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн эхлүүлсэн авлигын эсрэг тэмцэлд "бул хар чулуу", "арилашгүй сэв" болж үлдэж байгаа гэгдэх Хассуурийн Ганхуяг өнөөдөр дахин Монголын парламентын үүдийг сахих гэж байна. Төрд "өр"-тэй орж ирдэг, Тэрэлжид очиж төсөв ярьдаг, халаасандаа гараа "чихчихээд" ард түмнийг мэдэх эрхээр хангаддаггүй Х.Ганхуяг зэрэгт хууль баталж суух эрх бий юу.
Хөгжлийн банкны хэргээр яллагдагчаар татагдмагцаа шүлсээ нулимж буй мэт 33 тэрбумыг гулсуулан төлчихсөн нь хачирхалтай. Эрх мэдэлд "улайрсан" хүн амраг садан байтугай алтан савнаасаа унагаасан ээжийгээ ч танихгүй болдог юм билээ. УИХ-ын гишүүн Х.Ганхуяг хэлэхдээ, "Вертекс майнинг партнерс" ХХК-ийг мэдэх ч үгүй гэж мэлцэж байсан гэдэг. Тэрбээр гишүүн болохоосоо өмнө мөнгө "зээлсэн" гэж бултдаг ч төрд орох гэж хаяа хатавч "манаж" явахдаа авчихсан байсан нь үнэн гэх. Уг нь "анд" Г.Амартүвшингийнхээ хүчээр эл банкнаас 55 тэрбумын зээл авах гэсэн боловч нэг л болж өгөхгүйн эрхэнд 48 тэрбум болгож, эцэстээ 33 тэрбум дээр тогтож "халаасалсан" гэж шүүх хурлын үеэр хохирогчийн өмгөөлөгч ярьж байлаа шүү дээ.
Одоо болж буй үйл явцыг ажиглавал Ерөнхий сайдын тэмцэл хүчин мөхөсдөх байтугай Х.Ганхуяг мэтийн улан дор мөлхөж байна. Түүнийг төрд хэрэгтэй гэж бөөцийлдөг гэсэн. Үнэндээ түүнд л "төр" хэрэгтэй мэт. Зээлийн хүү гэж өдөр шөнөгүй шахуу уран донгоддог Х.Ганхуяг цаанаа бол өөрийнхөө эрх ашгийн төлөө л тарчлан шатаж явж. Тэр бол монголын тэргүүн эгнээний улстөрч биш, хөшигний цаадах бизнесмен л төдий юм шүү дээ.
Х.Ганхуяг шиг гишүүдийг төрийн цээжинд гаргасан МАН-ын нэр л шороотой хутгалдаж байна. Найзтайгаа хөтлөлцөөд улс төрөөс явах ёстой түүний толгойг илэх нь хэнд ашигтай байна вэ.
М.Жаргал
Сэтгэгдэл (9039)