Хоёр өдөр хуралдсан түр хорооны гишүүд нотлох баримтыг шинжлэн судлах сонсголоо дүгнэж үг хэлэв Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр "Гол, үндсэн зорилго бол иргэдийг бухимдуулж байгаа, хулгай луйвар, шударга бус үйлдэлтэй холбоотойгоор иргэдэд мэдээллийг хүргэх юм. Бүх мэдээллийг ил тод болгож ард түмний засаглах эрхийг хангахыг зорьсон. Одоо тодорхой болж байна.
Ногоон автобустай холбогдуулан хэлэхэд, энэ булхай луйвар гарахын гол үндэс нь монголын төр өөрөө болжээ гэж харж байна. Цаашид ийм хулгай гарах ёсгүй, бид гаргах ч ёсгүй. Үүний төлөө зарчмыг тогтоох, зөв засаглал, тогтолцоог бүрдүүлэхэд онцгой анхаарах хэрэгтэй байна. Төр нь төр шиг байсан бол ийм хулгай гарахгүй байв.
Төрийн албаны гол амин сүнс болсон албан хаагчид мэргэшсэн, мэргэжлийн, ёс зүтэй байх, хууль ёсыг дээдэлдэг, шударга ёсыг эрхэмлэдэг байх, эргээд монголын төрдөө үнэнч зүтгэдэг байх шаардлага бий. Түүнээс биш хэн нэгэн даргад үнэнч байх бол бурууддаг гэдгийг энэ үйл явдлаас тод томруун харж байгаа болов уу хэмээн найдаж байна. Өргөсөн тангарагтаа үнэнчээр биш даргын өгсөн зааврын дагуу хийсэн гэдгээ энд суугаа хүмүүс зөвшөөрч байна. Үүнээс харахад, хариуцлага, ил тод байдлыг сайжруулах зайлшгүй шаардлага бидний өмнө бий болжээ.
Магадгүй, хулгай хийх хүсэлтэй хүмүүсийн чөдөр, тушаа нь тендерийн хууль байх. Сүүлийн жил хагасын хугацаанд худалдан авалтын үйл явцыг тойрох гэсэн, тендерийн хуулийг тойрох гэсэн хэд хэдэн удаагийн оролдлого зарим яам, байгууллагуудаас ажиглагдсан.
Бид тендерийн хуулийг заавал мөрдөх учиртай. Тендерийн мөнгө бол төсвийн мөнгө. Төсвийн мөнгө бол татвар төлөгчдийн, ард түмний мөнгө. Бид үүнд хатуу хяналт, хариуцлагатай байх ёстой. Ил тод нээлттэй байх ёстой.
Монголын төрд хуульд зөвшөөрсөнөөр бусад байдлаар нууцад авч, шууд худалдан авах явц байх ёсгүй. Үүнд цэг тавих ёстой шүү.
Ажил хариуцсан яам, Засгийн газар, холбогдох байгууллагууд онцгой хариуцлагатайгаар асуудалд хандах учиртай. Түүнчлэн төрийн албан хаагч өргөсөн тангарагтаа үнэнч байх суурийг нь бид бэлдэж өгөх хэрэгтэй. Үүнд Төрийн албаны зөвлөл анхаарууштай.
Түр орлон гүйцэтгэгч гэх төрийн нэр барьсан, даргын үүргийг түр орлон гүйцэтгэдэг, даргад үгүй гэж хэлж чаддаггүй, төрийн албаны ёс зүйг мөрдөггүй, тангараг өргөөгүй учраас ямар нэгэн зарчим, журам гэж байдаггүй нөхдүүдээс салах хэрэгтэй. Хулгай, луйврын суурийг тавьсан хүмүүс нь түр орлон гүйцэтгэгчид байгаа. Монголын төрийн эмгэнэл, алдаа нь түр орлон гүйцэтгэгч гэж би харж байна.
Өнөөдөр бид зөвхөн хяналтын сонсгол хийж байна. Ард түмэн зөвхөн мэдээлэх, засаглах эрхийг нь олгож байна. Цаашид хулгайтай холбоотой асуудалд хатуу хариуцлага тооцдог болох хэрэгтэй. Хулгай байгаа бол хатуу хандах ёстой. Үүнийг хууль хүчний байгууллага хийнэ гэдэгт итгэж байна. Энэ бол Монгол Улсын төрд маш том сургамж болсон. Булхай, луйвар гарахгүй байх үндсийг өнөөдрийн сонсголоор бүрдүүлэх ёстой. Шат шатандаа хуулийн хэрэгжилтийг, хууль бүрийг хариуцлагажуулах хэрэгтэй байна. Үүнд бүгдээр онцгой анхаарч ажиллаасай" гэв.
М.Дэвээ
Сэтгэгдэл (2327)