Хоёр өдөр хуралдсан түр хорооны гишүүд нотлох баримтыг шинжлэн судлах сонсголоо дүгнэж үг хэлж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Ганибал байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр "Цавчаа ногооны алдартай хэрэг монголын ард түмнийг олон асуудалд анхаарал хандуулах цаг болсныг сануулсан зүйл боллоо. Хоёр өдрийн сонсголоох иргэд мэдээлэл авсан байх гэж бодож байна. 2020 оноос эхлэсэн төрийн болон албаны нууцад оруулж байгаад шууд худалдан авах үйл явц бол төрд маш их хулгай хийх боломжийг бий болгосон хуулийн өөрчлөлтүүд байсны илрэл боллоо. Хууль өөрчилж байгаад, хаалттай болгож байгаад хамгийн том хулгайг хийдэг гэдгийг иргэд ч мэдлээ.
Засгийн газар, сайд дарга нар, нийслэлийн удирдлагууд том хулгайг хийдэг юм байна. Маш олон төрийн албан хаагчдад үүрэг чиглэл өгч, бүр дарамталж байгаад хулгай хийсэн нь тодорхой болж байна. Хуулийг нэн яаралтай өөрчилж, бүх асуудлыг цэгцэлье. Үндэсний аюулгүй байдлын асуудлыг нууцад оруулаад явж байх боломжтой.
2020 оноос энэ асуудал бүр ч гаарсан юм. Хулгай хийхээс сэргийлэх арга хэмжээг зайлшгүй авах шаардлага тулгарчээ. Монголын төр бүх асуудал руу орж байгааг эндээс харж болно. Төр оролцсон бүх зүйлд хулгай байгааг энэ хэрэг нотоллоо. Цар тахлын зардлаар сонсгол хийх гээд АН-ын бүлэг барсангүй. Өвчин зовлон, гамшгийг далимдуулж хулгай хийдэг төртэй баймааргүй. Цавчаа ногоон шиг хэрэг монголын төрд ахин бүү давтагдаасай" гэв.
М.Жаргал
Сэтгэгдэл (1)