Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэх хүрээнд 2023 онд худалдан авсан автобусны хяналт шалгалтын асуудлаар байгуулагдсан Улсын Их Хурал (УИХ) дахь Хянан шалгах Түр хорооны сонсгол өнөөдөр эхэлнэ. Тодруулбал, товыг 21-22-нд буюу хоёр өдөр хийхээр болсон юм.
Энэ сонсголоор гурван бүлэг асуудлыг хэлэлцэнэ. Түүнчлэн давхардсан тоогоор 98 гэрч оролцуулахаар тогтсон.
Үүнд:
- Монгол Улсын сайд, Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга асан Ж.Сүхбаатар,
- Улаанбаатар хотын авто замын түгжрэл бууруулах үндэсний хорооны дарга асан Ц.Батгэрэл,
- Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Д.Сумъяабазар,
- Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлого хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн,
- Нийслэлийн Засаг даргын зөвлөх асан Д.Мөнх-Эрдэнэ,
- НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү,
- НЗДТГ-ын төрийн захиргааны хэлтсийн дарга Ү.Ганболд,
- НЗДТГ-ын санхүүгийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Наранбаатар,
- НЗДТГ-ын хууль, эрх зүй хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч асан Д.Содбаяр гэх мэтчилэн худалдана авах үйл ажиллагаанд оролцсон хүмүүсийг гэрчээр дуудсан.
Мөн Нийслэлийн нийтийн тээврийн газрын даргын үүргийг түр орлогч Ч.Сайханбаяр, Нийслэлийн Нийтийн Тээврийн газрын дарга асан С.Жавхланбаатар, Д.Энхсайхан болон "Тэнүүн-Огоо" компанийн захирал А.Ганхуяг, Ж.Эрдэнэбат, Ц.Болортуяа гэх мэт хүмүүсийг дуудахаар товлосон гэж танилцуулж байв.
Сонсголоор автобус худалдан авах үйл ажиллагаанд хэн яаж оролцсон, хууль эрх зүйн хүрээнд яаж ажилласан бэ, "ногоон автобус" стандарт нийцсэн үү гэдгийг шинжээчдийн дүгнэлтэд үндэслэн хэлэлцэхээр төлөвлөжээ.
Сэтгэгдэл (1)