Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ болон татварын асуудлаар Нийслэлийн Засаг Даргын орлогч О.Номинчимэг мэдээлэл өглөө.
Тэрбээр "Ардчилсан, чөлөөт эдийн засгийн гол чухал зүйл нь хувийн өмч. Хувийн өмчтэй бол татвар төлөх ёстой. Хангай зочид буудлын өмчлөгчид 20 гаруй жил татвар төлөөгүй байна, төлөх шаардлагыг тавьсан. Тус зочид буудал 2010 онд 600 сая төгрөгөөр үнэлэгдсэн тул жилийн зургаан сая төгрөгийн татвар ногдуулсан байдаг.
Хотын эдийн засаг гэдэг үл хөдлөх эд хөрөнгө, бизнесийн үйл ажиллагаанаас авсан татвараар бүрддэг. Энэхүү татварын мөнгийг иргэдийн аюулгүй орчныг бүрдүүлэхэд зарцуулдаг. Гэтэл үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ, татварт шударга бус зүйл байна. Үүнийг засаж, залруулах ёстой.
Жишээл нь хотын А бүсэд "Мандухай" гэх гурван давхар зочид буудал бий. Тус буудал анх 17.6 сая төгрөгөөр үнэлэгдэж, жилдээ үл хөдлөхийн нэг хувийн татвар буюу 170,000 төгрөгийг нийслэлийн төсөвт төвлөрүүлж байна. Гурван давхар объектын үнэлгээ буюу 17.6 сая төгрөгөөр хуучин Приус ч авах боломжгүй.
Сард 1.5 сая төгрөгийн цалинтай хүн дээрх үл хөдлөхийнхөөс илүү татвар төлж байгаа. Энэ бол тэгш бус зүйл. Дөрвөн давхар барилгатай "Элбэг" их дэлгүүр 180 сая төгрөгөөр үнэлэгдэж, нийслэлийн төсөвт жилдээ 1.8 сая төгрөг төлдөг. Харин Home plaza олон худалдаа үйлчилгээ явуулдаг, шөнийн цэнгээний газар байсан хэрнээ 1.7 тэрбум төгрөгөөр үнэлэгдсэн байгаа нь Зайсан дахь нэг том орон сууцны үнэтэй дүйцэхүйц байна.
Үл хөдлөхийн үнэлгээг зах зээлийн үнэлгээтэй дүйцүүлж байж татвар авахгүй бол тэгш бус байдал бий болсон байна. Хөдөлмөр эрхэлж буй хүний орлогоос 10%-ийн татвар авдаг. Гэтэл үл хөдлөх хөрөнгийн анхны бүртгэлийн үнэлгээгээр татвар төлдөг нь татвараас зайлсхийх хэрэгсэл болоод байна.
Нийслэлд зах зээлийн үнэлгээтэй харьцуулахад хамгийн багаар үнэлэгдсэн найман объект байна. Татварын хуульд улсын бүртгэлд анх бүртгүүлсэн үнэлгээгээр татвар төлж байгаа юм. Энэ гажуудлыг засахын тулд хууль эрхзүйн орчныг бүрдүүлнэ. Үл хөдлөх эд хөрөнгө нь зах зээлийн үнэлгээгээр бүртгэгдэж, татвар төлдөг болговол баялгийн тэгш хуваарилалт, шударга ёс татварын орчинд бүрдэнэ гэж харж байна" гэв
Сэтгэгдэл (1)