Монгол Улс 1992 оноос хойш найман удаа УИХ-ын сонгууль зохион байгуулжээ. Ес дэх удаагийн сонгуулийн санал хураалт болоход нэг сарын хугацаа үлдээд байна. Энэ удаагийн сонгуульд Төв, Сэлэнгэ, Дархан уул аймаг нэг тойрог болон өрсөлдөх бөгөөд арван мандаттай. Тус тойрогт МАН-аас Ж.Батжаргал, С.Лүндэг, Б.Жавхлан, Б.Тулга, Г.Дамдинням, Ж.Энхбаяр, Ж.Эрдэнэбат, Ч.Ундрам, Б.Цогтгэрэл, Н.Оюундарь, Л.Наранбаатар, Д.Өнөрболор нарын нэр яригдаж байгаа бол Ардчилсан намаас Ц.Туваан, Д.Доржпүрэв, С.Эрдэнэболд, Д.Үүрийнтуяа, Д.Батбаяр, Н.Одонгуа, Р.Шинэгэрэл, Л.Одбаяр, Д.Эрдэнэсувд, А.Батсуурь нар нэр дэвшихээр горилж байгаа аж.
Тэгвэл Сэлэнгэ аймгаас МАН-ын хоёр эмэгтэй гишүүн хүч үзэхээр яригдаж буй. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Өнөрболор, УИХ-ын гишүүн асан Н.Оюундарь нар өрсөлдөх гэнэ. Тэдний хувьд ЖДҮ, газрын асуудалд холбогдож байсан хүмүүс.
УИХ-ын гишүүн Д.Өнөрболорын тухайд 2020 оны УИХ-ын сонгуульд ялалт байгуулж, парламентад сонгогдсон нэгэн. Тэрбээр энэ сонгуульд дахин нэр дэвшихээр горилж буй. Түүнийг "сельфичин гишүүн", "хөлдүү бууз чимхэгч" гэдгээр нь олон түмэн андахгүй болов уу. Тодруулбал, тэрбээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг 2021 онд ОХУ-д айлчлал хийх үеэр сельфи хийсэн нь төрийн айлчлалын дэг жаягийг зөрчсөн ёс зүйгүй үйлдэл болж, шүүмжлүүлж байсан удаатай. Мөн энэ жил сонгууль дөхөхтэй зэрэгцэн сошиал орчин дахь түүний идэвх нэмэгдсэн. Энэ үеэрээ хөлдүү бууз чимхэж буй зургаа сошиал хаягтаа нийтэлсэн юм. Түүний хөг үүгээр дууссангүй. Түүнийг Дархан цаазат Богд хан уулын Зайсангийн аманд их хэмжээний газар хууль бусаар авч эзэмшин, улмаар тансаг зэрэглэлийн орон сууц барьж, асар их ашиг олсон үндэслэлээр хуулийн байгууллагаас шалгаж байсан. Гэсэн ч эл асуудал хэрхэн шийдэгдсэн нь тодорхой бус.
Харин УИХ-ын гишүүн асан Н.Оюундарийн хувьд 2016 оны сонгуульд Сэлэнгэ аймгаас нэр дэвшиж, гишүүнээр сонгогдсон. Тэрбээр мэдээлэлд ойр байдлаа ашиглан хамаарал бүхий компанидаа ЖДҮ-ээс зээл авсан гишүүдийн нэг байсан юм. Тухайлбал, 80 хувийн эзэмшлийн “Red star club” нэртэй компани ЖДҮ-ийг дэмжих сангаас 800 сая төгрөгийн зээл авсан нь ил болсон юм. Үүнтэй холбогдуулж Н.Оюундарь тайлбар өгөхдөө “Миний хүү Сэлэнгэ аймагт фермерийн аж ахуй байгуулахаар зээл авсан. Би зээл авахад нөлөөлөөгүй” гэж байв. Энэ мэт асуудалд холбогдож буй хоёр хүн энэ удаагийн сонгуульд Сэлэнгэ аймгаас өрсөлдөхөөр зэхжээ. Гэсэн ч тэдний нэр дэвших эсэх нь өнөөдрийн намын удирдах зөвлөлийн уулзалтаар тодорхой болох юм. Хэрэв намын даргын "Авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдож яллагдагчаар татагдсан, ЖДҮХС-аас зээл авсан, шалгагдаж байгаа, хууль зөрчсөн УИХ-ын гишүүдийг намаасаа сонгуульд нэр дэвшүүлэхгүй" гэх үг үнэн бол уг хоёр гишүүн нэр дэвших эрхгүй юм.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (2)