Тэртээ 2015 онд тэр үеийн УИХ-ын дарга З.Энхболд руу оймсоо тайлан шидэж 20 мянган төгрөгөөр торгуулан "алдар" хүртсэн Л.Наранбаатар МАН-аас сонгуульд нэр дэвшихээр горилж байгаа бололтой. Парламентыг зүүдлэн мөрөөдөгч УИХ-ын сонгуульд нэр дэвшээд өвдөг шороодсон намтартай. Ардчилсан намаас хөөгдөж, МАН-д дагаар орсон нь зүгээр ч нэг үзүүлбэр байгаагүй нь тодорхой. Тэр оймсоо тайлсны хүчинд хожсон зүйлтэй ч гэгддэг байна.
Үзэл бодлын хана хэрэм нь цуурч, ховхроод нурчихсан улс төрийн замаас хадуурч, "өрөмний өт" шиг тэлчилж яваа түүнийг Дархан, Сэлэнгэ, Төв аймгийнхан дэмжих болов уу, бас л эргэлзээтэй. Тухайн үедээ л Дархан-Уул аймгийн АН-ыг шинэчлэх хөдөлгөөнийг байгуулан тэмцэж байсан боловч сүүлдээ сүүлээ хавчаад зугтаж явахдаа эрх баригчдын "оймсны түрийнээс зүүгдчихсэн" гэдэг бол бахархаж боломгүй л замнал байлтай.
Тэрбээр саяхан хэвлэлд "Миний шидсэн оймс байгаа оносон" гэж ярилцлага өгсөн байна билээ. Тийм ээ, үнэхээр байгаа оносон. Үнэндээ З.Энхболдыг биш МАН-ыг оносон. Тийш орох хаалгаа оймсоороо нээчихсэн хүн шүү дээ. Төрд тодрохыг хүссэн "өргөмөл хүү"-дээ эрх баригчид Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг хүртэл удирдах замыг нь "засаж" өгсөн гэх.
Улааныг үзэж урваж, шарыг үзэж шарвасан нь улстөрч гэж харах нүдийг хаав. Төрийн толгой дээгүүр идэшээ зооглох гэж буй өрөвтас мэт эргэлдсэн олноос ялгарах зүйл түүнд бий гэж үү. Өөрийгөө Эрдэнэс Тавантолгой компанийн 1072 хувьцаа, гадаадын хөрөнгийн биржид бүртгэлтэй, нээлттэй хувьцаат компани болгох гэх мэт зорилготой гэж тодотгосон байна билээ. Энэ санал Л.Наранбаатартай, Наранбаатаргүй эрчийг аван яригдаж буй асуудал. Халуун сэдэв дээр дөрөөлснөө зорьсон юм шиг ярих нь ёс зүйд эс нийцэх.
Иймэрхүү зорилго нь тодорхой бус, МАН-ын хаяа хатавчаар эргэлдсэн он жилүүдээ "шударга ёс"-ны эрэл хайгуул хийсэн мэтээр өөрийнхөө энгэрийг "цоолж" яваа нэгний улс төрийн карьерь хэнд гэрэлтэй харагдахыг тааж мэдэшгүй. Ардчилсан намын дотроос хага тэсрэн гарч чадалгүй, МАН-ын дотор руу шигдсэн нь хэр хэмжээнийх болохыг нь дэлгэсэн ном мэт харуулчихаж буй юм.
Үргэлжлэл бий...
М.Жаргал
Сэтгэгдэл (4)