Монгол Улсаас мах, махан бүтээгдэхүүнийг хувийн аж ахуй нэгжүүд Персийн булангийн орнууд руу экспортлох эрх зүйн орчин бүрдэж байна.
Булангийн орнууд руу мах, махан бүтээгдэхүүн экспортлох хууль, эрх зүйн орчин бүрдүүлэх, Арабын орнуудад мах, махан бүтээгдэхүүн экспортлох халал гэрчилгээг Монголд олгуулах ажлыг ГХЯ, Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Элчин сайдын яам санаачилж, ХХААХҮЯ, Стандарт хэмжил зүйн газар, НҮБ-ын Үйлдвэр хөгжлийн байгууллага (UNIDO) хамтран ажилласны үр дүнд Стандарт хэмжил зүйн газрыг Булангийн хамтын ажиллагааны зөвлөлийн дэргэдэх магадлан итгэмжлэлийн төвөөр итгэмжлүүлжээ. Магадлан итгэмжлэлийн гэрчилгээг ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Стандарт хэмжил зүйн газрын дарга С.Батбаатарт гардуулсан юм.
Магадлан итгэмжлэлийн энэ гэрчилгээг авснаар тус газраар баталгаажсан, халал стандартыг хангасан монгол мах, махан бүтээгдэхүүнийг дээрх орнууд руу экспортлох эрх зүйн орчин бүрдэхийг ГХЯ мэдээллээ.