"Үндэсний эвсэл”-д Монголын Либерал Ардчилсан нам нэгдэж гарын үсэг зурлаа. Энэ үеэр Монголын Либерал Ардчилсан намын тэргүүн Д.Пүрэвдаваа үг хэлж, дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Нэгдүгээрт, сонгууль. Хоёрдугаарт үзэл санааны хувьд бид нийлж байгаа юм. Эрх баригч нам өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд УИХ-ын сонгуулийн тухай, улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулсан. Энэ нөхцөл байдлыг дүгнэвээс энгийн нэг багш, энгийн нэг бизнесмэн УИХ-ын сонгуульд 16 хоногийн дотор энэ том тойрогт танигдах боломж хомс байна. Ийм л нөхцөл байдлыг бүрдүүлсэн гэж харж байгаа.
Хамгийн том тойрог 10 мандаттай. 80 гаруй сумыг энгийн нэг иргэн 16 хоногт тойроод, иргэд сонгогчидтой уулзах боломжгүй.
Тэгэхээр дөрвөн жил эрх баригчдын зохион бүтээсэн сонгуулийн тогтолцооны эсрэг намууд нэгдэж нийлэх нь зүйтэй. Эвсэл байгуулах хугацаа хуулиараа хаагдсан. Тиймээс үзэл санааны хувьд баруун болон баруун төвийн үзэл санааны намууд нэгдэж сонгуульд оролцох нь сонгогчдын эрх ашгийг хамгаалах боломжтой хэмээн харж байгаа" гэв.
Д.Батчулуун