Томсгосон тойрогт нэр дэвшигчид хэтэвчнийхээ нимгэн зузаанаар жагсаж байгаа бололтой. Энэ нь гэр бүлээрээ барьцаалан зээлдүүлж, банк бусыг "баздаг" бизнесменүүдтэй холбогдоно. Нэткапитал санхүүгийн байгууллагын "бэрс", Метропласт компанийн "ноён", улс төр байтугай олноо Доржрэнцэнгийн гэхээс илүүтэй "Сүндийгийн ах" гэж овоглуулдаг Д.Алтангэрэл Ардчилсан намаас дахин нэр дэвшихээр горилж байна. Тус намын ҮБХ-ны гишүүний хувьд санах л санаа.
2020 онд төрийн жолоог атгах адгуу хүсэлдээ богтлуулсан ах, дүү хоёр толгой холбон парламент руу зүтгэх гэж байлаа.
Юутай ч гэр бүлийн хүчирхийллийн хэргээс болж, сөрөг хүчинд "гологдсон" дүү нь арга сүвэгчилж “Сахигтун! Үндсэн хуулийн 19” эвслээс нэр дэвших эрхээ авч байв. Тэрбумтнуудын тоглоомын "өрөг" парламент болоод, туйлын амархан харагддаг болсныг үйл явдал, цаг хугацаа харуулсаар байна.
Гэтэл дүү Д.Сүндий нь эхнэр Н.Ундрахынхаа биед халдан хавиргыг нь хугалж, хүндэвтэр гэмтэл учруулсан байдаг.
Цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан хүчирхийллийн эл хэргээ хаалгахын тулд тэрбээр Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын мөрдөгч Т.Батсайхан, Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахмад Г.Даваажав нарт тав болон арван сая төгрөгийн хахууль өгсөн. Ингэхдээ компанийнхаа ажилтан Д.Баттөгсөөр дамжуулан хувааж өгснийг АТГ-ын мөрдөн шалгалтаар тогтоогдож байсан. Мөн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг устгуулсан гэгддэг байв. Улмаар энэхүү хэрэгтээ УДШ-ээс гурван жилийн хорих ял сонсоод, давж заалдаж байв.
Алим модноосоо хол унадаггүй гэдэг. Ах нь дүүгээсээ хол босох нь бас л юу л бол. Бүсчилсэн тойрог гэж томруулдаг шилээр хараагүй байхад жижигтээ "жийгдэж" өвдөг шороодсон Д.Алтангэрэл одоо гарах болов уу, туйлын эргэлзээтэй.
Гэх мэт, авилгач, гэр бүлийн хүчирхийллийн хэрэгтэн, мөнгө хүүлэгч гэх мэт цолтой дүүгийнх нь муу нэрийн салхин дор Д.Алтангэрэлийн далбаа намирч байна.
Монголын парламентад мөнгөтэй ноёнтнууд шимэгч шиг чимээгүй гэтэж, алгуур залгиж байгаа, энэ сонгуулиар төрд шургалах гэсэн зүг зүгийн хүмүүсээс туйлын болгоомжлууштай.
М.Жаргал