УИХ-ын ээлжит сонгууль болоход сар гаруйн хугацаа л үлдээд байна. Улс төрчдийн үг хэл хурц болж, үйл хөдлөл нь ч хурдыг олов. Өчигдөр буюу тавдугаар сарын 13-ны өдөр Ардчилсан намын бүлэг "олонд танигдсан, ардчиллын манлайлагчдыг тойрогт нэр дэвших"-ийг уриалсан. Харин өнөөдөр Хотын дарга асан Э.Бат-Үүл "Х" хаягтаа "ачирхангуй" жиргэжээ.
Тэрбээр өнгөрсөн сонгуулиар нэр дэвших ямар ч хүсэлгүй байж. Гэтэл АН-ын даалгавраар 2020 онд Хэнтийд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нартай, 2021 онд Сонгинохайрханд Э.Батшугартай өрсөлдөж "ялагдсан" ч хэн ч магтсангүй, өмөөрсөнгүй гэж тунирхсан байна. Гэтэл намынх нь залуус түүнийг МАН-ыг ялуулахын тулд үгсэж, нэр дэвшсэн гэж байгаа нь эмзэг тусаж л дээ.
Чухамдаа Э.Бат-Үүл шиг "ялархдаг, заргалддаг, ачирхдаг" төрд мөнхрөх шахсан улстөрчид сонгууль мөрөөдөж, парламентаа зүүдэлж байхаар үг дуугүй "явчих" нь ч дээр биз. АН, МАН, ХҮН-ых аль нь ч бай, магтаал хүссэн, ард түмний биш намын төлөө хөдлөгсөд ичээндээ унтаж байх нь зүйд нийцэж мэдэх бус уу. Сэргэн мандахыг нь нүдээ ширгэтэл хараад юу болсон, Бат-Үүл л баатар цолтой болсон.
Түүний жиргээнд "Манай намын залуус улаан цайм гүтгэхэд, даалгавар өгсөн намын удирдлага юу ч дуугарсангүй! Би ч яахав, 34 жил найгүй гүтгүүлсээр байгаад “чулуужсан” хүн. Сүүлдээ бүр, намайг гүтгэхгүй бол гайхдаг болсон хүн. Харин, өөр хүнд бол ингэж гүтгүүлэх нь новшийн бололтой юм билээ.Намын удирдлага үүнийгээ анхаар" гэсэн байна.
М.Жаргал
Сэтгэгдэл (12)