УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн нэр дэвшүүлэх ажиллагаа өнөөдрөөс эхэллээ. Нэр дэвшигч нь сонгуулийн мэдээллийн нэгдсэн сангийн www.e-election.mn цахим системээр дамжуулан бүртгүүлж, баримт бичиг болон нэр дэвших хүсэлтээ илгээх боломжтой. Бие даан нэр дэвшигч нь тойргийнхоо 801-ээс доошгүй сонгогчийн гарын үсгийг цуглуулахаар хуульчилсан юм.
Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхийн өмнө холбогдох байгууллагуудтай хамтран нам эвслээс болон бие даан нэр дэвшигчдэд зориулсан танхимын сургалтыг зохион байгуулж, мэдээлэл хийн зааварчилгааг өгөөд буй. Үүний зэрэгцээ Сонгуулийн ерөнхий хороо Авлигатай тэмцэх газартай хамтран “Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигч танаа” гарын авлагыг гаргасан аж. Уг гарын авлагад нам эвслээс болон бие даан нэр дэвшигчдийн бүрдүүлэх баримт бичиг, тэдгээрийг хэрхэн хаанаас авах талаарх зааварчилгааг оруулсан байна. Түүнчлэн хөрөнгө орлогын мэдүүлгийг цахим системд үүсгэх, мэдүүлэх, баталгаажуулах, сонгуулийн зардлаа тайлагнах зааварчилгаа болон сурталчилгаатай холбоотой хуулийн зохицуулалтыг тусгасан байна. Нэр дэвшүүлэх ажиллагаа энэ сарын 20-ныг дуустал үргэлжлэх аж.