Байгаль орчин, аялал жуулчлалын сайд асан Н.Цэрэнбат баруун аймгуудаар “Бүсчилсэн хөгжил” Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг танилцуулсан нь УИХ-ын сонгуулийн тухай хуулийг зөрчсөн эсэхэд СЕХ-ын нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир тайлбар өгсөн. Хэрвээ энэ асуудлыг цагдаагийн байгууллага шалгаад "Хууль зөрчсөн" гэж үзвэл Сонгуулийн ерөнхий хороо УИХ-ын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзана. Үүнийг сөргүүлж сайд асан Н.Цэрэнбат тайлбар хийсэн байдаг.
СЕХ-ны нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир хэлэхдээ, "Төр засгийн ажил тасралтгүй явах ёстой. Засаг дарга хүн бол орон нутагтаа ажлаа танилцуулаад явж байгаа бол нээлттэй. Ажил төрлөө өгчихсөн, горилогч хүн Засгийн газрын мөрийн хөтөлбөр танилцуулаад энд тэнд явж байх юм бол энэ бол шууд хууль бус сурталчилгаа. Хэрвээ энэ дээр гомдол гаргаад цагдаагийн байгууллага Зөрчлийн хуулиараа шалгагдаад тогтоогдох юм бол хууль зөрчсөн үйлдэл болно гэдгийг л ойлгох ёстой. Хууль бус сурталчилгаа явуулсан гэх мэдээлэл нь тодорхой эзэнтэй байх хэрэгтэй. Тэгэхгүй бол ерөнхий юм ярьсаар байгаад сонгууль дуусна шүү.
Э.Болормаа нь бүсчилсэн хөгжлийн хүрээнд Баруун бүсийн хөгжлийн төвийн дарга гэсэн статустай явж байгаа . Хуулиараа бол УИХ-д ажлаа, орон нутагт тайлагнах ёстой. Баруун бүсэд яваад байгаа тал дээр тодорхой мэдээлэл алга.
Харин сайд асан, гишүүн асан Н.Цэрэнбат Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг танилцуулаад явж байгаа нь хууль зөрчиж байгаа асуудал. Би тэгж л харж байгаа.
Харин Байгаль орчин аялал жуулчлалын сайд асан Н.Цэрэнбат "Миний бие Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар иргэдийг мэдээллээр хангаж, танилцуулга хийх ажлын хэсгийн гишүүнээр Завхан, Говь-Алтай, Увс, Ховд аймгуудад энэ өдрүүдэд ажиллаж байна. Гэвч зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчинд эл ажлыг сонгуулийн сурталчилгаа хийж, хууль зөрчиж байна зэргээр санаатайгаар олон нийтэд буруу, ташаа мэдээлэл өгч байгаа тул залруулга хийн холбогдох Засгийн газрын хэрэг эрхлэх газрын албан бичгийг хавсарган хүргэж байна.
Би 2016-2020 онд УИХ-ын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ажиллах хугацаандаа Монгол Улсын аливаа хууль, тогтоомжийг зөрчилгүй ажиллаж ирсэн бөгөөд Засгийн газрын ажлын хэсгийн гишүүнээр орон нутагт томилогдон Засгийн газрын үйл ажиллагааны хэрэгжилтийн талаар танилцуулж буйгаа мэдэгдэж, Сонгуулийн тухай хууль зөрчөөгүй болохоо илэрхийлье" гэсэн байна.
Н.Цэрэнбатын тухай товч танилцуулахад:
Намсрайн Цэрэнбат нь 2022 оны 9 дүгээр сард “Оюу толгой” компанийн ТУЗ-ийн гишүүнээр томилогдсон.
Тэрбээр 2017 оноос 2024 оны гурав дугаар сарыг хүртэл “Эрдэнэс Оюу толгой” компанийн гүйцэтгэх захирлын албыг хашсан бөгөөд уг албан тушаалд томилогдохоос өмнө Н.Цэрэнбат нь Монгол Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын албан тушаалыг хашиж байсан. Мөн тэрээр Сангийн Яам болон “Юу Эф Си групп”, “Трансинконсулт" ХХК, “Увс хүнс" ХК зэрэг компанид ажиллаж байсан туршлагатай. Н.Цэрэнбат нь Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Компьютер, Техник Менежментийн сургуулийг Санхүүгийн менежментийн бакалавр, магистр зэрэгтэй төгссөн байна.
Сэтгэгдэл (2)