1986 онд Их тэнгэрийн ам руу гадаадын зочид төлөөлөгчдөд үзүүлэх гэж 40 уран зургийг авч явсан байдаг. Харин 2008 онд "Монголын уран зургийн галлерей”-аас тооллого хийхэд зураг тоолж, будилаан үүсгэж байжээ. Оюутны ажил, бүртгэлгүй 30 гаруй бүтээлийг нэмээд тоолсон байсан агаад дахин нягталтал, анх явуулсан 40 зургаас 21 нь алга болсон \алдагдсан\, солигдсон нь ил болсон гэдэг. Үүнд Цагдаагийн байгууллагаас хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 6 зургийг нь олсон гэх мэдээлэл гарч байв. 2009 онд 900 бүтээл шатсаны дотор хоёр нь багтсан байсныг тогтоосон. 15 бүтээлийн тухай асуудал яригдаж байгаа талаар Монголын уран зургийн галлерейн захирал Б.Сарантуяа ярилцлагадаа дурдсан байдаг.
Харин өчигдөр буюу тавдугаар сарын 07-ны өдөр цагдаагийн байгууллагаас Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн гэргий Х.Болормаагийн дүү Х.Болдбаатарын гэр болон ажлын байранд прокурорын зөвшөөрөлтэй нэгжлэгийн ажиллагаа явуулсан байна.
Нэгжлэгийн үеэр Х.Болдбаатарын эзэмшлийн гэх "Монгол арт" галлерейгаас 60 орчим уран зургийг хураан авсан аж. Тэдгээрийн дотор “Монголын уран зургийн галлерей”-н тооллогоор дутсан хулгайд алдагдсан байж болзошгүй уран зураг, урлагийн бүтээлүүдийн нэрийг нь өөрчлөн, өөр дээрээ нуун хадгалж байсан нь илэрсэн талаар Isee.mn мэдээлэв. Тухайн уран зургийг Ц.Элбэгдорж нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа хадам дүүдээ өгч хадгалуулсан байж болзошгүй гэх мэдээлэл байгаа аж.
Үүнээс гадна "алга болсон" 21 зургийн нэг болох “Бугуйлч” хэмээх бүтээл Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн эхнэр Х.Болормаагийн дүү Х.Болдбаатарын “Нью фолдер арт” гэх хувийн архиваас олдсон байдаг. “Бугуйлч бүтээл олдсон нь Ц.Элбэгдоржтой юм уу, Монгол арт галлерейтэй хамаагүй" гэж залруулж өгөхийг хүссэн гомдол Х.Болдбаатараас ирсэн тухай 2022 онд Монголын уран зургийн галлерейн захирал Б.Сарантуяа хэвлэл өгсөн ярилцлагадаа дурдсан байна.
2008 онд Их тэнгэрийн амнаас алга болсон гэх 21 зураг. Уг алга болсон 21 зургийг хэн гэдэг зураач, хэдэн онд, ямар материалаар, ямар хэмжээтэй зурсан болохыг танилцуулж байна.
1. Зураач н.Очирбатын 1974 онд тос, зотон материалаар 45х150 см хэмжээтэй зурсан “Отроор” зураг
2. Зураач С.Рэнцэнгийн 1974 онд тос, зотон материалаар 60х90 см хэмжээтэй зурсан “Буйр нуурын загасчид” зураг
3. Зураач Г.Цэрэндондогийн 1976 онд тос, зотон материалаар 54х121 см хэмжээтэй зурсан “Говь” зураг
4. Зураач Н.Цүлтэмийн 1967 онд тос, зотон материалаар 90х97 см хэмжээтэй зурсан “Орог нуур” зураг
5. Зураач Б.Гомбосүрэнгийн 1958 онд тос, зотон материалаар 70х130 см хэмжээтэй зурсан “Хөвсгөл нуур” зураг
6. Зураач П.Цогзолын 1983 онд тос, зотон материалаар 58х77 см хэмжээтэй зурсан “Хан Богдын Хайлаас” зураг
7. Зураач М.Цэмбэлдоржийн 1980 онд тос, зотон материалаар 50х90 см хэмжээтэй зурсан “Сэргэлэн хонгор” зураг
8. Зураач Г.Одонгийн 1962 онд тос, зотон материалаар 100х160 см хэмжээтэй зурсан “Ерөө гол” зураг
9. Зураач М.Цэмбэлдорж 1971 онд тос, зотон материалаар 10х10 см хэмжээтэй зурсан “Хавар” зураг
10. Зураач М.Цэмбэлдорж 1965 онд тос, зотон материалаар 65х35 см хэмжээтэй зурсан “Говийн үдэш” зураг
11. Зураач С.Нацагдорж 1960 он тос, зотон материалаар 65х35 см хэмжээтэй зурсан “Бугуйлч” зураг
12. М.Цэмбэлдорж 1951 он тос, зотон материалаар 30х60 см хэмжээтэй зурсан “Хот айл” зураг
13. Б.Санжид 1978 он тос, зотон материалаар 75х123 см хэмжээтэй зурсан “Угалз босохын өмнө” зураг
14. Ш.Чулуудай 1975 он тос, зотон материалаар 35х60 см хэмжээтэй зурсан “Затмангийн говь” зураг
15. Л.Бат-Өлзий 1979 он тос, зотон материалаар 50х30 см хэмжээтэй зурсан “Морьтонгууд” зураг
16. Зураач Г.Цэрэндондог 1981 онд тос, зотон материалаар 120х180 см хэмжээтэй зурсан “Асгатын байгаль” зураг
17. Зураач Довчиндаваа 1982 онд тос, зотон материалаар 60х80 см хэмжээтэй зурсан “Борзон зэрэглээний говь” зураг
18. Зураач Содномцэрэн 1982 онд тос, зотон материалаар 96х122 см хэмжээтэй зурсан “Нутгийн уянга” зураг
19. Зураач М.Цэмбэлдорж 1982 онд тос, зотон материалаар 45х200 см хэмжээтэй зурсан “Хяргас нуур” зураг 2
20. Зураач М.Амгалан 1976 онд тос, зотон материалаар 43х51.5 см хэмжээтэй зурсан “Говь” зураг
21. Зураач Г.Одон тос, зотон материалаар зурсан “Уран сайханчид” зураг
М.Жаргал
Сэтгэгдэл (20)