Монголын бурхан шашинтны шинэ төвийн тэргүүн, Монголын Их хүрээ хийдийн хамба номун хан, зурхайч, гэвш З.Санждоржоос тодрууллаа. Зурхайд ирэх жилийн өнгө ингэж буужээ.
Монголын уламжлалт зурхайн ном сударт тухайн жилийн өнгө ерөнхий төлөвийг хаврын уур орох өдрөөр тодорхойлсон байдаг. Ирж байгаа усан барс жилийн хаврын уур орох өдөр хоёрдугаар сарын 4-ны өдөр буюу шинийн дөрөвний шар хулгана өдөр тохиож байна. Жилийн ерөнхий төлөвийг хаврын уур орох өдрөөр шинжин үзвэл хаврын сард салхи шуурга багатай, баяр баясгалантай. Зундаа өвс ногооны гарц сайн, хур бороо элбэг. Намартаа өмнө зүгийн хил орчмоор гандуу боловч үр тариа арвин. Өвөлдөө цас багатай өнтэй сайхан жил болно. “Сайжруулагч” хэмээх усан барс жилд алт мөнгө элбэг, ард иргэд амгалан тайван, аз жаргалтай хэмээн зурхайд буужээ. Монголчууд эртнээс хаврын уур орох өдрийг ингэж шинждэг байв. Хэрэв тэнгэр цэлмэг бол түмэн бодис дэлгэрч, бүрхэг байвал үер усны аюултай. Үүл зүүн зүгт ихээр бөөгнөрвөл өнтэй сайхан жил гарна. Хэрэв энэ өдөр зүүн зүгээс салхи ихтэй бол будаа тариа боловсроход муу, баруун зүгээс салхи ихтэй бол хур тунадас арвин байх магадлалтай гэдэг.
ӨВЧИН ЗОВЛОН ИЛААРШИЖ АЙДАС АРД ХОЦОРНО
“Сайжруулагч” хэмээх усан барс жилд өвчин илааршиж, ард олон амгалан жаргалтай байна. Тиймээс ирэх жил Ковид буюу хижиг өвчин суларна. Ихэс дээдэст хатуу, хууль цаазын шинэчлэлт их гарах магадлалтай жил гарч байна.
ШОРООН ҮХРИЙН ЗУРЛАГААР ИРЭХ ЖИЛ...
Жил бүр хаврын уур орох өдрийг шинжиж тухайн жилийн өнгийг “Шороон үхрийн” зурлагаар тодорхойлдог уламжлалтай. Энэ нь хүн байгалийн холбоог дүрсэлж үхэр хариулагчаар ард олныг үхрийн биеэр байгалийг тодорхойлдог.
Ирж буй жилийн хаврын уур орох өдөр шар хулгана өдөр тохиож байгаа учир:
Үхэр хариулаач нь: Шар дээл, шар малгайтай хөл нүцгэн залуу хүнээр дүрсэлжээ. Үүний учир нь: Хөл нүцгэн учир амгалан тайван, жаргалтай. Залуу хүн дүрсэлсэн учир идэр залууст ээлтэй сайн, нялхас багачуудад ширүүн, өндөр настан, ихэс дээдэст хатуу жил гарна. Ирэх жилийн хаврын уур орох өдөр шинийн нэгнээс хойш тохиож байгаа учир үхэр хариулаач нь үхрийн хойно дагаж явж буйгаар дүрслэгджээ.Тус өдөр дөрвөн ногоон мэнгэтэй өдөр тул үхрийн бие хэсэг ногоон өнгөтэй, гал суудалтай тул омруу, дөрвөн туурай нь улаан өнгөтэй.
ОНЦГОЙ ЗАСАЛТАЙ ХҮМҮҮС БИЙ..
Энэ жил 13,25,37,49,61,73,85,97,109-ны бар жилтний жил орж байна. Бар жилтэй эрэгтэй хүний жил угтаж ордог учир үхэр жилдээ сэрэмжтэй байж засалаа эхлэх нь зүйтэй. Харин эмэгтэй хүн жил нь дагаж ордог гэдэг тул бар, туулай жилдээ сэрэмжтэй байх нь зүйтэй. Учир нь эмэгтэй хүнд барс жил хатуу, амьдралд олон нугачаа давдаг, зовлон үздэг гэх тал бий. Тиймээс бар жилтэн энэ жил онцгой засалтайгаас гадна эмэгтэйчүүд засал номонд илүү шамдах нь зүйтэй. Эртнээс цагаан сарын шинийн нэгнээс 15-ы өдрүүдэд буян ном арвиждаг тул тухайн жилийн засал номоо айлддаг уламжлалтай. Жилийн ноён нурууны заслаа хийлгэхээс гадна хэд хэдэн онцгой засалтай хүмүүс бий.
Үүнд:
1. Жил нь орж байгаа бүх бар жилтэн
2.Мэнгэ голлосон хүмүүс буюу таван шар мэнгэ голлож байгаа хүмүүс
3.Дайсагнах харш жил нь бич, дунд харш жил нь гахай жил жил тул онцгой засалтай.
БАРС ЖИЛД ТҮҮХЭН ҮЙЛ ЯВДЛУУД ТОХИОЖ БАЙВ
-III жарны “Барагдагч” хэмээх улаан барс жил буюу 1206 онд Тэмүүжинг Чингис хаанд өргөмжилж, Их Монгол улсыг байгуулав.
-“Олон үрт” хэмээх шар барс жил 1638 онд Өндөр гэгээн Занабазарын даахийг үргээж, Гэнэн санваар хүртээв
- “Барагдагч” хэмээх улаан барс жил 1686 онд Өндөр гэгээн Занабазар Соёмбо үсэг зохиожээ.
XVII жарны “Сайжруулагч” хэмээх усан барс жилдээ төр бат, шашин тунгалаг, түмэн олон элгээрээ энх амгалан төрлөөрөө төвшин амгалан байх өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
Т.Мөнхжаргал
Сэтгэгдэл (3063)