Сагсан бөмбөгийн ОУХМ, дээд лигийн “Тэнүүн-Өлзий” багийн тоглогч, Монголын 3Х3 багийн ахлагч Даваасамбуугийн Дэлгэрнямтай ярилцлаа.
-Танд энэ өдрийн мэндийг хүргэе.
-Баярлалаа, Та бүхэнд ч мөн энэ өдрийн мэндийг хүргэе.
-Сагсан бөмбөгийн спортод дурлагчид сагсчин Д.Дэлгэрнямыг маш сайн мэднэ. Харин таныг арван жилдээ дугуйн спортоор хичээллэдэг байсан тухай сонссон. Энэ талаар яриагаа эхлүүлье.
-Би Төв аймагт арван жилээ төгссөн. Багадаа дугуй унах дуртай, дугуйн спортод сонирхолтой хүүхэд байлаа. Манай аймагт дугуйн спортын гавьяат дасгалжуулагч Ц.Чанцал багш багшилдаг байсан. Би Ц.Чанцал багшийн удирдлагад 2002 оны намраас хичээллэж эхэлсэн. Дугуйн спортоор 2006 он хүртэл дөрвөн жил хичээллэсэн. Энэ хугацаанд Улсын аварга шалгаруулах тэмцээнд дөрвөн жил оролцсон.
-Дугуйн спортоос сагсан бөмбөгийн спорт руу хэрхэн орох болов? Хэзээнээс эхэлж сагсан бөмбөгийн спортоор хичээллэсэн бэ?
-Би арван жилд байхдаа өндөр, бие томтой хүүхэд байсан. Манай аймагт Б.Одбаяр ах, Д.Дамба, Х.Мөнхтөр, А.Чойдорж гээд лигт тоглодог мундаг сагсчид олон бий. Тэд надаас нэг үеэр ах. Тухайн үед намайг өсвөрийн тэмцээн, сонирхогчдын лигт сэлгээний тоглогчоор авч явдаг байлаа. Тэр үеэс эхлээд сагсан бөмбөгийн спортод дурласан. Анх ах нартайгаа нийлээд 2007, 2008 онд дараалаад сонирхогчдын лигт амжилттай оролцож байсан. Би 2008 онд ШУТИС-д элсэн орсон. Оюутан болоод ШУТИС-ийн залуучуудын шигшээ баг, дээд лигт “ШУТИС-Шаркс” багаас мэргэжлийн гараагаа эхэлж байлаа.
-Сагсан бөмбөгийн анхны дасгалжуулагч, багш нарын тань тухай асуухгүй өнгөрч болохгүй байх?
-Намайг анх 2006 онд Өсвөрийн улсын аваргад Наранхүү багш маань авч явж байсан. Харин арван жилийн сагсан бөмбөгийн багш маань Ц.Цогтбаяр багш. Сонирхогчдын лигт Л.Энхбаатар багш бэлдэж оруулсан. Дээд лигт Н.Амаржаргал багш дасгалжуулж байлаа. Мөн 5х5 шигшээ багт дуудагдаж О.Баярцогт багшийн удирдлагад дөрвөн жил хичээллэсэн. Одоо С.Тулга багшийнхаа удирдлагад 3х3 тоглож байна. Миний сагсан бөмбөгийн карьерт олон багш бий. Тэр бүх багшийнхаа ачаар өдий зэрэгт хүрсэн. Энэ дашрамд бүх багшдаа баярлалаа гэж хэлье.
-2016 онд Вьетнамийн Азийн наадамд 3х3 төрлөөр мөнгөн медаль авсан шүү дээ. Энэ үеэс эхлэн 3х3 төрлөөр тоглох болсон уу? Эсвэл түүнээс өмнө тоглодог байв уу?
-Хамгийн анх 2012 онд Ш.Сэдбазар дасгалжуулагч, “Хасын Хүлэгүүд” багт хамтран зүтгэж байсан О.Сэргэлэн бид БНХАУ-д болсон 3х3 төрлийн Азийн элсний наадамд оролцож байлаа. Тэр наадамд гуравдугаар байр эзэлсэн. Энэ тэмцээн 3х3 төрлийн хамгийн анхны тэмцээн маань байлаа. Элсний Азийн наадамд хөгжилтэй зүйлс ч их тохиолдсон.
-Тухайлбал?
-Манай эмэгтэй багийнхан элсэн дээр хөл нүцгэн тоглоно гээд пүүзээ орхиод явж байсан удаатай. Ер нь л 3х3 төрлийн талаар мэдлэг муутай байсан. Бараг л мэдэхгүй, шинэ төрлөөрөө Азийн элсний наадамд оролцсон доо. Түүнээс хойш 2014 онд Ш.Сэдбазар ах, О.Сэргэлэн бид гурав дээр С.Батбямба ах нэмэгдээд бид дөрвүүл Тайландад болсон тэмцээнд оролцоод тавдугаар байр эзэлсэн. Түүний дараа буюу 2016 онд Азийн элсний наадам Вьетнамд болсон. Тэр тэмцээнд Э.Цэрэнбаатар, Г.Цэнгүүнбаяр, Д.Нямбаяр бид дөрөв оролцоод аваргын төлөө Катарын багтай тоглож хожигдоод мөнгөн медаль хүртсэн.
-Олон улсын тэмцээнд оролцоход ямар бэрхшээл тулгардаг вэ? Цагийн зөрүү, цаг агаар, орчин, хоол хүнс гэх мэт?
-Мэдээж бэрхшээлтэй зүйл олон бий. Цагийн зөрүү, олон цагийн нислэгт их ядардаг. Мөн улс болгон өөр өөрийн онцлог хоолтой. Түүнээс шалтгаалаад ядрах, бие сульдах гээд бэрхшээлтэй зүйлс их байдаг. 3x3 сагсан бөмбөгийн төрөл манай улсад саяхнаас л өндөр төвшинд хөгжиж эхэлсэн. Улсдаа бол шинэ спорт гэж хэлж болохоор. Тийм болохоор Европын өндөр хөгжилтэй, сагсан бөмбөгийг системтэйгээр хөгжүүлдэг улс орнуудын тамирчидтай тоглоход бэрхшээлтэй, дутагдалтай зүйлс олон. Гэсэн ч Монгол хүн аливаа зүйлд дасан зохицох чадвар сайтай шүү дээ. Тиймээс л аль болох арга эвийг нь олоод, өдийг хүртэж явж байна даа.
-Та 2017 оны ярилцлагадаа Монголын спортын холбоог ихээхэн шүүмжилж байсан. Одоо үед тухайн үеийг бодвол сагсан бөмбөгийн спорт Монголд сайн хөгжиж байгаа. Үүний зэрэгцээ дэмжиж, хамтран ажилладаг байгууллагууд ч нэмэгдэж байна. Ахиц дэвшил анзаарагдаж байна уу? Монголын сагсан бөмбөгийн спортын холбоод ч эргэн нэгдлээ шүү дээ.
-Бид сагсан бөмбөг гэх нэг л тогоонд бий. 3х3, 5х5 гэх төрлөөрөө л ялгаатай. Бид Олон улсын тэмцээнд амжилттай оролцож, Монгол Улсынхаа нэрийг гаргах гэж зүтгэдэг. Гэтэл тэр үед дэмждэггүй, ядаж л урам хайрладаггүй байлаа. Одоо бол хүмүүс харьцангуй дэмжиж, ойлгодог болсон байна. 2017 оноос хойш бидэнд маш том боломж гарч ирсэн. Тухайлбал, 5х5 төрлөөр Азийн аварга шалгаруулах урьдчилсан шатны тэмцээнүүдэд оролцох эрхийг Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос өглөө. Үүнийг бид боломж гэж харж байгаа. Бид дэлхийд эзлэх тодорхой чансаагүй. Учир нь Азийн аваргын тэмцээнд оролцдоггүй учир чансаа байдаггүй. Харин Азийн аваргад орсноор Монголчууд дэлхийд чансаатай болох боломж ойрхон байна. Зөвхөн 3х3 гэхгүйгээр 5х5 төрлөөр Олон улсад амжилт гаргачих юмсан гэж дотроо битүүхэн мөрөөдөж байна. Одоо ид тоглож байгаа, шинээр гарч ирж байгаа залуус гэхэд өндөр ур чадвартай болсон байна. Залуучуудад сайхан ирээдүй байна. Миний хувьд ахмад тамирчиндаа орчихлоо л доо. Тэгэхээр залуу үедээ маш сайхан өрсөлдөөнийг үзүүлж, бэлтгэлийг нь хангаж өгч, хурцалж туслах тал дээр өөрийгөө бэлдэж байна.
-Та Монстер Дэк хочтой. Өөрөөсөө том биетэй тоглогчдыг шийдэн доор илүүрхдэгтэй холбоотой байх?
-ФИБА-д 3х3-г тайлбарладаг Mr.Voice гэх эрхэм бий. 3х3-ын youtube дээрх шууд дамжуулалтыг тайлбарлаж хүргэдэг. Энэ хоч Mr.Voice-ийн надад өгсөн нэр. Тайлбарлахдаа Mongolian Monster гэж хэлж байсан юм. Түүнийг манай Монголчууд өлгөж аваад Монстер Дэк гэдэг хочтой болсон. Монстер гэж их нэрлэдэг байсан. Харин сүүлийн үед Бүлл гэж дуудах болсон.
-Хочиндоо хэр дуртай вэ?
-Дургүй биш ээ. Хүмүүс намайг хараад Мангастай ижилхэн гэж зүйрлэж байгаа байх л гэж боддог.
-Олимпд өрсөлдөх байх гэсэн найдлага бидний зүгээс их байлаа. Бельги улсын багтай тоглосон тоглолтод баазердуулж ялагдал хүлээсэн. Ингэснээр Олимпд өрсөлдөх эрхээ алдлаа шүү дээ. Тэр үед таны сэтгэл зүй ямар байв?
-2016 оноос хойш 3х3 төрлөөр Олон улсын тэмцээнд оролцож эхэлсэн. Тэр үед 5х5 биш ч гэсэн 3х3 төрлөөр Дэлхийд гарах боломжтой юм байна гэдгийг бид олж харсан. Харин төд удалгүй 2020 он Токиогийн Олимпд 3х3 сагсан бөмбөгийн төрөл Албан ёсны Олимпын төрөл болж байгааг зарласан. Тэр үеэс эхлээд Токиогийн Олимпд оролцохыг зорьж эхэлсэн дээ. Бидний 2019 онд Дэлхийд өрсөлдөж байсан өндөр цикл 2020 онд коронавирусээс шалтгаалаад унасан. Бүтэн жил бид бэлтгэл сургуулилт, сэтгэл зүй дээрээ ч тэр алдаа гаргасан гэж бодож байна. Баазердуулж хожигдсон Бельгийн багийг бид 2017 онд төвөггүй хожиж байсан. Тэд хоёр жилийн хугацаанд маш их хөдөлмөрлөсөн гэдэг нь олимпын эрхийн тоглолтоос харагдаж байсан. Харин бид эсрэгээрээ тайвширчихаж гэж харж байгаа. Манай баг тоглолтыг 6:0-р маш муу эхлүүлсэн. Гэсэн ч тоглолтын төгсгөлд нэг оноогоор илүүрхсэн. Харамсалтай нь, сүүлийн гурван секундэд баазердуулж ялагдал хүлээсэн. Бельги бол спортын маш том орон. Тамирчдаа бие физиологи, арга техникийн хувьд маш сайн дэмжиж чадсан нь харагдаж байсан.
-Өмнө нь тоглож байгаагүй багуудтай тоглох ямар байв? Чехийн багт хожигдсоны дараах сэтгэл зүй хэр байсан бэ?
-2021 оны урьдчилсан шатны тэмцээн Грассд боллоо. Бид Сансар багийн хамт нийт арван хүний бүрэлдэхүүнтэй Грассыг зорьсон. Тус тэмцээнээс өмнө Хорватад очиж тэмцээнд оролцсон. Тухайлбал, том тэмцээний өмнө өөрсдийгөө бэлдэж, цочроогоо гаргах үүднээс Хорват руу явж, челленжид оролцсон юм. Бидний гол зорилго бол Грассд болох тэмцээнд ялж, Олимпийн эрхээ авах байсан. Бид Чехтэй тоглосон тоглолтод алдаа гаргасан. Мөн Бразилтай өмнө нь тоглож байгаагүй. Өөр арга барилтай, хүчтэй багуудтай тоглоод шоконд орсон. Бидний хожих ёстой баг бол Чехийн баг л байсан. Монголчууд маань биднээс их зүйл хүсээд, бид ч мөн маш том зорилго тавьчихаад байдаг, гэтэл хожно гэж бодсон багтаа хожигдсон. Ингээд шокноосоо гарч чадахгүй байсаар долоо хоногийн дараа Унгарыг зорьсон. Бид алдаан дээрээ маш их ярилцаж, сэтгэл зүй, арга барилаа шинэчилсэн. Өмнө нь тоглолт хараад ярилцдаг байсан бол цаасан дээр буулгаж ярилцаж эхэлсэн. ФИБА-д байршсан статистикаа харж дүн шинжилгээ хийж дараагийн тоглолтууддаа оролцсон.
-Солонгос, Япон улсуудаас тэмцээнд багаараа ирж оролцох санал ирсэн гэж 2019 оны ярилцлагадаа дурдсан байсан. Харин хувь тоглогчийн хувьд гаднын улс орнуудаас санал ирж байв уу?
-Солонгос, Япон улсуудаас дотоодын тэмцээнд багаараа ирж оролцох, удаан хугацаагаар хамтарсан бэлтгэл хийх саналууд ирж байсан. Хувь тоглогчийн хувьд саналууд яригдаж байсан. Гэхдээ албан ёсны санал ирж байгаагүй.
-Гэр бүлээ танилцуулна уу. Гэр бүлийн хүн тань спортын хүн үү?
-Би эхнэр, гурван хүүхэдтэй. Эхнэр маань надтай ижил ШУТИС-ийг төгссөн. Оюутан байхдаа сагсан бөмбөг тоглодог байсан. Сагс тоглодог, спортыг маш сайн ойлгодог учраас намайг их дэмждэг. Мөн тэмцээн уралдаанаар гадагшаа явах болгонд ар гэрээ авч явдаг. Тамирчдын хувьд ар гэр бат, санаа зовох зүйлгүй бол амжилт үзүүлэхэд дөхөм болдог. Эхнэр маань ар талыг минь асуудалгүй даадаг. Тийм ч учраас санаа зовохгүйгээр оролцож байгаа тэмцээндээ амжилт гаргаж чаддаг гэж боддог.
-Та ШУТИС-ийг ямар мэргэжлээр төгссөн юм бэ? Бэлтгэл сургуулилтынхаа хажуугаар мэргэжлээрээ ажиллах зав чөлөө гарч байна уу?
-Мэдээлэл холбооны технологийн сургуулийг Оптик холбооны инженер мэргэжлээр төгссөн. Оюутан ахуй цагаасаа мэргэжлээрээ ажиллаж ирсэн. 2013 оноос 2018 он хүртэл Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт мэргэжлээрээ ажилласан. 2018 оноос ажлаасаа чөлөө аваад 2019 оноос сагсан бөмбөгийн спортоор тууштай хичээллэх болсон. Цаашдаа мэргэжлээрээ ажиллана. Мөн сагсан бөмбөгийн спортод миний хэрэг байхгүй болтол нь шигшээ багтаа тусална гэж боддог.
-Та 3Х3 багийн шигшээ багийн ахлагч. Танай багийн цаашдын том зорилго юу вэ?
-Спортын хамгийн том зорилго бол Олимп л байдаг. Бид өнгөрсөн Токиогийн олимпод оролцож чадсангүй. Гэсэн ч дараагийн зорилго бол яах аргагүй Парисын олимп. Бид өнгөрсөн олимпд олимпын эрхийн цагаан хуудсыг авсан байсан. Гэтэл харамсалтай нь Япон улс зохион байгуулагч орон гэдэг утгаараа цагаан хуудсаар оролцоод бидний боломж хаагдсан. Ирэх Олимпд ч мөн манай багт цагаан хуудас авах боломж бий. Тиймээс оролцож буй тэмцээн болгондоо нэг оноог нэг оноо гэхгүйгээр, нэг хожлыг нэг хожил гэхгүйгээр зүтгэж, оноогоо сайн цуглуулж чадвал Хятад, Япон улсын дээр орох боломж бий.
-2016 онд Олон улсын тэмцээнд оролцож байх үеэс одоог хүртэл спортын хөгжил хэрхэн өөрчлөгдсөн байна вэ? Тэр тусмаа 3х3 төрөл таны харж байгаагаар хэрхэн хувьсаж байна?
-3х3 төрөл саяхан Олимпын төрөл болсон отгон спортын төрөл ч гэсэн спортын хөгжлөө дагаад улс орнууд ч мөн хөгжиж байна. 2016 онд Олон улсын тэмцээнд оролцож байхад нэг өөр байсан. Харин 2020 оны тэмцээнээр л гэхэд 180 градус өөрчлөгдсөн. Улс орнууд багтаа шинэчлэлт хийдэг болсон байна.
-3Х3 багийн тоглогч Э.Цэрэнбаатарын эсрэг 5Х5-ын Дээд лигт тоглолоо, ямар санагдав?
-Бид хоёр багын найзууд. Олон жил хамт явлаа. Байнга нэг өрөөнд хамт байдаг сайн найзууд. Бие биенээ бэртээхгүй, тоглолтоо гаргаад явна гэсэн бодолтой байгаа.
-Таны хувьд “Тэнүүн-Өлзий” багаас тоглох болсон шалтгаан юу байв?
-Би Төв аймгийн “Төв ургац” багаас тоглодог байсан. Харин “Төв ургац” баг 21 аймгийн лигт тоглохоо больсон. Би Төв аймагт өссөн ч, Өвархангай аймагт төрсөн. Тэгээд ярилцаж байгаад Өвөрхангай аймгийн “Тэнүүн-Өлзий” багаас тоглохоор болсон.
Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (5198)