Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өсөх идэр чимэг хүртсэн Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын харьяат, “Өлгийн хүчтэн” дэвжээний бөх, улсын начин Нурланы Мустафатай ярилцлаа.
-Ерөнхийлөгчийн зарлигаар өсөх идэр чимэгтэй боллоо. Удаан хугацааны дараа амжилтаа үнэлүүлэхэд юу бодогддох юм?
-Шагнуулж байгаа болохоор баяртай байна. Чимэг өгнө гэдэг яриа хоёр жил явсан, юутай ч авлаа.
-Та Баян-Өлгийгөөс төрсөн хоёр дахь өсөх идэр начин байх аа?
-Тийм ээ. Надаас өмнө Булган сумын харьяат Белденбайн Хожагапан гэж хүн энэ цол, чимгийг авч байсан юм. 1949 оны наадамд “бага” хэмээх улсын начин Т.Самдан, 1951 оны наадамд М.Жамбалдоржоор тав давсан бөх дөө. Би Баян-Өлгийн хоёр дахь өсөх идэр начин нь.
-Та өсөх идэр чимэгтэйгээ “Бүрэн монгол” сангаас зохион байгуулсан барилдаанд анх удаа зодоглолоо. Оноолт болон ам авахад хэрхэн нөлөөлж байна вэ?
-Монгол бөхийн өргөөнд цөөнгүй барилдах хугацаандаа ам авч үзээгүй. Их сонин байгаа биз. Ер нь ам авахдаа алддаг.
-Та 2019 оны баяр наадмаар улсын начин цолын болзол хангасан. Гэвч Э.Оюунболдын допингийн асуудлаас болж хохирсон бөхчүүдийн нэг нь та. Тухайн үедээ цол амжилтаа үнэлүүлсэн бол гэх бодол төрдөг үү?
-Амтай болгон тэгж ярьсан. Гэхдээ цолоо авсан бол тэр үед сайн барилдах байсан гэж яримааргүй байна. Бөхийн бэлтгэл сургуулилт хийж эхэлсэн мөчөөс хамгийн оргил үе нь тэр жил байлаа. Түүнээс хойш цар тахал гарч бэлтгэл сургуулилтаа яс хийж чадаагүй ээ. Бэлтгэл хийгээгүй удсан болохоор бага зэрэг төсөөрсөн байна. Саяхнаас дасаж байна. Цолоо ахиулахыг хичээнэ дээ.
-Монгол бөх допингоос яавал ангижрах бол?
-Монгол бөх цэвэр ариун байж, бөхийн ген гэгч үнэт зүйлээ хадгалж үлдэх ёстой юм. Допингоос ангижрахын тулд заал танхимын барилдааны үеэр шинжилгээ авч баймаар санагддаг. Надаас барилдаан бүрт шинжилгээ авсан ч татгалзах зүйлгүй. Мөн допингтой тэмцэхийн тулд хуулийг нь чангатгаж, яс дагаж мөрддөг байвал хэн допинг хэрэглэх билээ. Цол хураахгүй бол допинг хэрэглээд барилдах эрхээ хасуулна гэвэл магадгүй бүгд допинг хэрэглэнэ.
-Допинг тариулсан бөхтэй барилдахад хэр байдаг вэ, мэдрэгддэг үү?
-Бяртай болгодог гэж ярих юм билээ. Бяртай болгодог юм байлгүй дээ. Би сайн мэдэхгүй байна.
-Өсөх идэр начин гэж дуудуулах сайхан байна уу?
-Сайхаан. Гэхдээ улсын заан цолонд хүрчих юмсан гэдэг битүүхэн бодол бий. Бөхийн зам руу анх орсон цагаас заан гэдэг хүндтэй цолыг мөрөөдөж, түүнд л тэмүүлж бэлтгэл сургуулилтаа хоёргүй сэтгэлээр хийж ирсэн. Улсын заан цол хамгийн сайхан.
-Та бөхийн удамтай юу?
-Өвөөгийн үеэл ах нь аймагтаа зургаа түрүүлсэн мундаг хүчтэн байсан гэдэг.
-Та Улс тунхагласны баярын өдрийн барилдаанд зодоглох уу?
-Болж өгвөл барилдаан алгасахгүй байя гэж хичээдэг.
Д.Жавхлан
Сэтгэгдэл (3068)