Монголын сагсанбөмбөгийн холбоо 2013 оноос хойш хоёр холбоо, хоёр тамгатайгаар үйл ажиллагаа явуулж ирсэн. Үүний үр дагавраар манай сагсанбөмбөгийн тамирчид олон улсын тэмцээн уралдаанд оролцох боломжгүй болсон юм. Харин өнгөрсөн аравдугаар сард хоёр холбоо нэгдэж Дээд лигийг зохион байгуулах гэж байгаа талаараа мэдээлэл хийсэн. Гэсэн ч энэ мэдээллийн дараа Дээд лигт тоглочдог тамирчид мэдэгдэл хийж “Ирээдүй” тоглогчдын холбоо байгуулж байгаагаа зарласан билээ. “Ирээдүй” тоглогчдын холбоо нь сагсанбөмбөгийн хоёр холбооны зохион байгуулахаар зарласан Дээд лигт тоглохгүй, харин өөрсдөө Дээд лиг зохион байгуулахаар болсон гэдгээ зарласан. Энэ лигийн урьдчилсан тоглолтууд ч мөн явагдаад дуусч байгаа юм. Энэ талаар тус холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, “Хасын хүлэгүүд” багийн ахлагч, Олон улсын хэмжээний мастер Баттүвшингийн Билгүүнтэй уулзаж ярилцлаа.
Ц.МЭРГЭНИЙ ХОЛБООНД ОРОХ ГЭЖ ТОГЛОГЧИД ЖИЛ ГАРУЙ ХҮЛЭЭСЭН
-“Ирээдүй” холбооноос сагсан бөмбөгийн лигийн тэмцээнийг эхлүүлэхээр болж улирлын өмнөх тоглолтууд явагдлаа. Улирлын тоглолтууд хэзээ эхлэх вэ? Хэдэн баг байгаа вэ?
-Эхлээд Монголын мэргэжлийн сагсанбөмбөгт яг юу болоод байгаа талаар уншигчдад товчхон тайлбарлах хэрэгтэй байх. Бидний дээд лигийн тамирчид нийлээд “Ирээдүй” холбоог байгуулсан байгаа. Энэ холбоонд дээд лигт тоглож байгаа багуудын тоглогчид бүгд нэгдсэн. Дахиад нэг тоглогчдын холбоо гэж байгаа. Энэ нь 2005 онд байгуулагдсан ТББ. Энэ ТББ 2019, 2020 оны лигийг зохион байгуулсан. 2019 оны Монголын сагсан бөмбөгийн холбооны зохион байгуулсан дээд лиг эхлээд явж байтал дундаасаа хариуцах эзэн тодорхойгүй болчихсон. Тэгээд 2005 онд байгуулагдсан тоглогчдын холбоо лигийг үргэлжлүүлэн зохион байгуулсан. Зохион байгуулалтын хувьд шинэлэг зүйлсийг оруулж, финалын тоглолтыг спортын төв ордны гадаа тайз засаж үзэгчдэд үзүүлж байсан. 2020 оны дээд лигийг мөн л тоглогчдын энэ холбоо хариуцан зохион байгуулж дуусгасан. Тухайн үед Ц.Шаравжамц ах, Б.Тамир ах зэрэг хүмүүсийн дэмжлэгүүд байсан. Жишээ нь, Спортын төв ордоны цагийг авахад тэд дэмжиж, хамтарч байсан.
-Ц.Цэвэрбал багшийн буюу Монголын үндэсний сагсанбөмбөгийн холбоо тэгэхэд оролцоогүй юу?
-Тийм, оролцоогүй. Тухайн үед Ц.Цэвэрбал багш, Үндэсний сагсанбөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга С.Тулга нартай хамтарч ажиллаагүй. Тогтолцооны хувьд хоёр лиг тусдаа явагдсан. Ер нь бол тамирчдын хувьд энэ олон жил холбоодийн зохион байгуулж байгаа тэмцээнийг зэрэг битгий явуулаач, давхардаж явагдахаар тамирчид хоёр талд нэг бол зэрэг тоглох, үгүй бол нэг талд л тоглох болоод байна, бүх тамирчин нэг дор тоглох боломж нь бүрдэхгүй байна гэдгийг байнга хэлж ирсэн. Сүүлийн жилүүдэд дээд лиг эхлэнгүүт нөгөө талд 21 аймгийн лиг гээд л давхар эхэлчихдэг байсан. 21 аймгийн лиг дээр дээд лигийн гол тоглогчдод өндөр цалин амлаад, сайн нөхцөлүүдийг санал болгодог байсан. Тийм болохоор тамирчид хоёр талд тоглоод, лигүүд идэвхтэй яваад байдаг байсан. 2020 оны лиг дээр бүх тамирчин ярилцаж санал солилцоод, хоёр лигт зэрэг тоглодгоо больё гэж тохирсон. Тэгээд өмнөх жил 21 аймгийн лигт дээд лигийн ямар ч тамирчин тоглоогүй. Гэхдээ энд нэг зүйлийг тодруулах хэрэгтэй. Бидний энэ ярианд, санал солилцоход 3Х3 багийн тамирчид оролцоогүй. Тэд багш шавийн гэдэг юм уу, 3Х3 холбоо, MCS гэдэг ч юм уу хоорондын гэрээтэй болохоор тамирчдын явуулж байгаа үйл ажиллагаа, яриа хэлцээнд нэг их идэвхтэй оролцдоггүй юм. Ингээд тамирчид нэгдээд хоёр талд тоглохгүй гэсний үр дүнгээр 21 аймгийн лиг тамирчингүй болж лигээ дуусгаж чадаагүй. Олон жил хоёр талд хуваагдсан холбоодын эсрэг ингэж тамирчид нэгдсэнээр ийм эерэг үр дүнгүүд гарч эхэлсэн учир тоглогчдын холбоог илүү сайн идэвхжүүлэх хэрэгтэй юм байна гэсэн байр сууринд тамирчид хүрсэн. Гэхдээ тоглогчдын холбоо өөрсдөө лиг зохион байгуулаад байна гэдэг нь тогтолцооны хувьд буруу. Тиймээс сагсанбөмбөгийн хоёр холбооны асуудал шийдэгдтэл тоглогчдын холбоо дээд лигээ өөрсдөө зохион байгуулъя, цаашдаа сайн менежментийн компанид ч юм уу хариуцуулж өгөөд өөрсдөө хяналтын байдлаар оролцдог байя гэсэн зорилготой байсан. Би 2005 онд байгуулагдсан тоглогчдын холбооны талаар ярьж байгаа шүү. Тухайн үед тамирчдын холбоо байгуулж, тамга тэмдэг авсан хүмүүс нь Ш.Сэдбазар, Г.Ихбаяр, Ц.Мэргэн, А.Од, Н.Ялалт нар байсан.
-Тухайн үед та бол оролцоогүй байжээ?
-Би арван жилийн хүүхэд байсан. Тийм болохоор ийм холбоо энэ тэрийг сонирхоогүй. Харин 2013 оноос хоёр холбооны маргаан эхэлж, тамирчид өөрсдөө нэгдэх талаар ярьдаг болсон. Яг үнэндээ энэ хоёр холбооны маргааныг ийм удаан, арваад жил үргэлжилчихнэ гэж тамирчид огт бодоогүй. Маргаанаа цэгцэлж нэг талд гаръя гэж уриалаад л явж байсан. Хоёр холбоо шүүхдэлцээд л, асуудал нь яг одоо шийдэгдэх гэж байгаа мэтээр тамирчдад ойлгуулсаар яваад сүүлийн есөн жил олон улсын тэмцээн уралдаанд оролцуулаагүй. Энэ бол хоёр холбооны тамирчдын боломжийг хаасан маш том асуудал. Тэгээд л тамирчид өөрсдөө нэгдэж нийлье, хүчтэй болъё гэж шийдсэн. Тоглогчдын холбоо хүчтэй байхын тулд Ц.Мэргэний байгуулсан холбоон дээр тамирчид нэгдье, ид тоглож байгаа тамирчдаа Удирдах зөвлөлд оролцуулъя гээд бүгд иргэний үнэмлэхийн хуулбараа аваачаад өгсөн. Ц.Мэргэний тоглогчдын холбооны зохион байгуулсан өмнөх лигүүдийг Ц.Мэргэн, Г.Баттөр, О.Сэргэлэн, Б.Билгүүн, Т.Санчир гээд тамирчид бүгд ярилцаад л хамтран хийдэг байсан. Лигийн өмнөх хурлуудыг хийхэд багийн эзэд, спонсорууд, дасгалжуулагчид, шүүгчдийн холбоо бүгд ярилцаад хийж байсан. 21 аймгийн лигт дээд лигийн тамирчин тоглох юм уу, үгүй юм уу гээд бүгд ярилцаад олонхийн саналаар шийдэж байсан. Дээд лигийн тамирчин 21 аймгийн лигт тоглож болохгүй юм байна гээд л олонхиороо шийдэж байсан. Ингэж шийдэж байсан хурал дээр Т.Санчир цуг байсан. Тэгээд Т.Санчир 21 аймагт тоглож байгаа юм чинь дээд лигт тоглохгүй юм байна гэж шийдсэн. Гэхдээ 21 аймагт тоглож байгаа тамирчин дээд лигт тоглохоор болвол хоёр дахь тойргоос өмнө шийдвэрээ гаргана гээд уян хатан нөхцөлийг үзүүлье. Мөн 21 аймгийн лигийг бас явуулах тал дээр уян хатан, тэрний өмнөх лиг дээр ч мөн адил баг бүр дээр тамирчдыг оролцуулах тал дээр квот гаргаад уялдуулах гээд үзээд байдаг байсан. Гэвч олонхиороо болохгүй ээ гээд шийдчихэж байсан. Хамгийн гол нь бид Тоглогчдын холбоо гээд аливаа байгууллагатай ч уулзалт хийж болохгүй байсан.
-Яагаад?
-Бид Тоглогчдын холбооны Удирдах зөвлөлд оръё, гишүүнчлэл авъя гээд хандсан гэдгээ түрүүнд дурдсан. Гэсэн ч бидэнд Ц.Мэргэний тоглогчдын холбооны гишүүнчлэлийг олгоогүй, Удирдах зөвлөлдөө оруулаагүй. Тэгэхээр гишүүн биш учраас ямар нэгэн байгууллага, спонсортой уулзах боломж хаагдчихаж байгаа юм. Ц.Мэргэнтэй ойлголцох гэж, тоглогчид тэдэнтэй нэгдэх гэж маш их хичээсэн. Даанч учраа ололцож чадсангүй. Ингээд “Ирээдүй” холбоог байгуулсан. Уг нь энэ холбоог байгуулахгүйгээр Ц.Мэргэний холбоон дээрээ нэгдээд явъя, тоглогчид нь бас хоёр хуваагдаж хэрэггүй гээд бид маш их хичээсэн. Жил гаруй л Тамирчдын холбоонд орох гэж хичээсэн, хүлээсэн. Үнэхээр болохгүй болохоор нь “Ирээдүй” тоглогчдын холбоог байгуулсан. Тэгээд манай тоглогчдын холбоо одоо лигээ өөрсдөө зохион байгуулаад энэ хоёр холбооны алинтай ч нэгдэхгүйгээр өөрсдөө бүх зүйлээ хийгээд явъя гэж шийдсэн. Сагсан бөмбөгийн хоёр холбоо хурлаа зарлаад нэгдэх хэрэгтэй. Тэгэхгүй бол Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо, 3Х3 холбоо, Монголын сагсан бөмбөгийн холбоо гээд хоёр өөр логотой, хоёр өөр статустай холбоо байгаа. Тэгээд дээр нь Ц.Мэргэний тамирчдын холбоо гээд таван холбоотой нэгдэж лиг хийхээр болчихож байгаа юм.
-Ц.Мэргэний тоглогчдын холбоонд ямар тамирчид харьяалагдаж байгаа вэ?
-Ямар ч тамирчин байхгүй. Тэргүүн нь Ц.Мэргэн гэж хүн л байгаа. Одоо магадгүй манай холбоонд гишүүнчлэлгүй бусад тамирчныг бүртгээд нэмсэн байхыг үгүйсгэхгүй. Уг нь тоглогчдын хүсэж байгаа зүйл бол нэгдэх, нийлэх, нягтрах. Манай холбооны зорилгын нэг нь хоёр холбоог нэгтгэх. Нэгдэнэ гэж байгаа бол наад асуудлаа сошиалаар ч юм уу, аман байдлаар биш цаасан дээр буулгаад өг, тэгээд тодорхой болго гэхээр одоо нэг тийм ч хурал болно тэр хүртэл хүлээ гэдэг. За тэгвэл нэгдсэн лигийг хэн хариуцаж хийх юм аль холбоо хариуцах юм, аль холбооны шүүгчид шүүх юм, ямар дүрмээр явах юм гээд асуудлууд гарч ирдэг. Одоо бол нэг лиг нь 12 минутаар нэг үе нь явагддаг, тоглогчид нь тав таваараа солигддог. Нөгөөх нь FIBA-гийн стандартын буюу бидний тоглож байгаа дээд лиг. Тэгэхээр энэ асуудлыг яаж шийдэх юм гэдэг асуудал байгаа. Сүүлд нь спонсор, хөрөнгө мөнгийг нь хэн гаргаад алийнх нь спонсор орох юм, ямар нэгэн асуудал үүсвэл хэн хариуцлага хүлээх юм гээд олон асуудал байгаа. Үүнийгээ тодорхой болгоогүй байж нэгдэж лиг хийнэ гэдэг боломжгүй болчихож байгаа юм. “Ирээдүй” тоглогчдын холбооны хувьд бол ширээний ард уулзаад тэмцээнийхээ дүрэм журам, шүүгч, спонсороо шийдээд тамга тэмдгээ дараад баталгаажуулж нэгдсэн лиг хийж болно гэдгээ хэлсэн. Гэтэл эд яахаараа лиг зохиодог юм, наад хэд чинь хэн ч биш гээд л асуудлыг хурцдуулаад эхэлсэн. Асуудлыг хурцдуулж, гал өрдөж байгаа хүн бол Б.Тамир ах. Дээд лигийн баг гэж яригддаг “Танан”, “Хасын хүлэгүүд”, “Стормс”, “Уурхайчин” гээд топ багуудын тоглогч нар нэгдээд санал тавьж байхад “наад хэд чинь юу юм” гээд байгаа. Б.Тамир ах өмнө нь бидэнтэй хамтраад л явж байсан. Одоо тэгтэл ингээд байгааг цаана нь өөр эрх ашиг, ямар нэгэн зүйл алдах гээд сандарч байна л гэж харж байгаа.
-Харин “Ирээдүй” холбоонд одоо яг ямар багууд байна вэ?
-“Хасын хүлэгүүд”, “Танан гарьд”, “Стормс” буюу “Ирэвсүүд”, “Уурхайчин”, “Хэнтий ЭБЭГ”, “Тэнүүн-Өлзий”, “ШУТИС-Шаркс” гээд долоон баг байгаа. Дээр нь нэмэгдээд “Архангай-Алтан дорнодын дайчид” гэх зэрэг 21 аймгийн лигийн багийн гурав дөрвөн тамирчин манай холбоонд нэгдсэн.
ШАРАВАА АХ ТАНИЛ ТАЛАА ХАРЖ СПОРТЫН ТӨВ ОРДНЫ ЦАГИЙГ ӨГЧ БОЛОХГҮЙ
-Лигийн улирал албан ёсоор хэзээ эхлэх вэ?
-Бид лигээ Спортын төв ордонд хийх зорилготой. Тэгэхдээ одоо тэмцээн уралдааныг 30-50 хувийн дүүргэлттэй хийж байхад заавал ордонд хийх шаардлага байна уу гэж ярилцаж байна. Нөгөө талаараа Спортын төв ордонд волейболын лиг арванхоёрдугаар сарын 25-ныг хүртэл явагдаж байгаа. Шийдийг хураагаад шал дэвсчихсэн байгаа тохиолдолд өдөр болгон шалыг нэг дэвсээд, нэг хураагаад байхад хүндрэлтэй. Ярилцаж л байна. Лигээ Спортын төв ордондоо хийчихье гээд цаг авах гээд хөөцөлдөөд л явж байна. Тэгээд бид Ц.Шаравжамц ахтай уулзсан. Шигшээ багт хамт тоглож байсан Ц.Шаравжамц гэдэг хүнийх нь хувьд бид хандаж байгаа юм. Тогоонд нь байсан, болж байгаа үйл явдлуудыг дэргэдээс нь харж байсан хүнийх нь хувьд Шараваа ахтай уулзсан. Идэвхтэй тоглож байгаа багуудын төлөөлөл бүгд нэгдээд ирлээ, Ц.Мэргэн гэдэг хүний холбоонд энд байгаа тамирчдаас нэг ч хүн байхгүй. Гэтэл та яагаад Спортын төв ордны лигийн цагийг Ц.Мэргэнд өгсөн юм бэ? Тоглодог бүх тамирчин нь нэгдээд байгаа талд нь цагаа өгөх ёстой юм биш үү гэдэг асуудал тавьсан. Ц.Мэргэний холбооны хувьд Спортын төв ордны цагийг авчихсан байгаа боловч төлбөр тооцоогоо хийгээгүй байгаа гэдгийг Шараваа ах хэлсэн. Б.Тамир ах энэ ордны шийд самбарыг нь бартердаад тэгээд лигийн цагийг Ц.Мэргэнд авч өгсөн гэж байгаа юм. Хоорондоо хуучны танил, найз, ашиг сонирхол, ах дүүгийн замаар шийдээд байгаа байхгүй юу. Миний энд ярьж байгаа бүх зүйл баримттай. Бид Ц.Шаравжамц ахтай, Ц.Цэвэрбал багштай хэнтэй нь ч уулзсан сүүлд нь асуудал үүсгэхгүй гээд дуу хураагуур дээр бичээд, зургаа авахуулаад баримтжуулаад явж байгаа. Тэгэхээр бүгд баримттай. Ц.Шарамжамц ах өөрөө Б.Тамир, Ц.Мэргэн гэдэг хүнд лигийн цагийг өгсөн гэдэг, албан төлбөр төлсөн баримт байна уу гэхээр бартераар Б.Тамираас юм авсан гэдэг юм ярьдаг.
-Спортын төв ордон заалаа өгөхгүй бол яах вэ?
-Өгөхгүй гэвэл одоо явагдаж байгаа Tiger спорт зааландаа ч юм уу, Мөсөн өргөө, Буянт-Ухаа ордон ч юм уу гээд олон хувилбаруудаар тооцож л байна. Хандгайтын ордонд лигийн финалын тоглолтууд болдог л байсан. Хандгайтын ордонтой харьцуулахад одоо болж байгаа заал илүү том, илүү стандартын шугамтай, шал нөхцөлийн хувьд илүү сайн учир болохгүй гэсэн зүйл ч алга л даа. Гэхдээ Спортын төв ордны цагийг тамирчдын зохион байгуулах лигт гаргаж өгөхгүй бол Биеийн тамир спортын газар биш Ерөнхий сайдад ч юм уу энэ асуудлыг шийдвэрлэж чадах хүмүүст хүсэлтээ өгнө. Бид Ц.Цэвэрбал багштай уулзаж ярилцаж байгаа. Харин Б.Тамир, Ц.Мэргэн гэдэг хүмүүстэй уулзах, тохиролцох шаардлага байхгүй. Яагаад гэхээр тэд ямар ч албан ёсны холбоо төлөөлөх эрхтэй хүмүүс биш.
Б.ТАМИР ГЭДЭГ ХҮН САГСАН БӨМБӨГИЙН ХОЛБООНЫ ЯМАР Ч СТАТУСГҮЙ, ЗҮГЭЭР Л ИРГЭН
-Олимпийн хороонд ч Б.Тамир нарын холбоо бүртгэлгүй, тийм үү?
-Б.Тамир гэдэг хүн одоо бол зүгээр л иргэн Б.Тамир гэдэг л статустай. Тэр хүнд сагсан бөмбөгийн холбооны ямар нэгэн албан тушаал байхгүй. Монголын сагсан бөмбөгийн холбоог, Монголын сагсан бөмбөгийг FIBA-д төлөөлж харилцаж байгаа хүн нь одоо бол Ц.Цэвэрбал багш. Тэгээд бид Ц.Цэвэрбал багштай уулзсан. Болж байгаа үйл явдлыг хэлсэн. Багш болохоор энд тэндээс янз бүрийн яриа сонсож эргэлзээд байсан, одоо та хэдтэй уулзаад ойлголт авлаа. Та хэд надад яг хэдэн баг, ямар спонсор, ямар тамирчин байгаа гэдгээ тодорхой болгоод аваад ир гэсэн. Бид бол хэдэн баг ямар тамирчин байгаа гэдгээ нээлттэй мэдээлж байгаа. Багууд бүгд “Ирээдүй” тоглогчдын холбоог дэмжиж ажиллана гээд хүсэлтүүдээ өгсөн байгаа. Ганц нэг баг бол орохгүй байгаа.
-Жишээ нь?
-Өмнөх жил дээд лигт тоглосон “Хангарьд”, “Багануур” багууд манай холбоонд ороогүй. “Хангарьд” бол манай шигшээ багийн дасгалжуулагч Ш.Сэдбазар ахын баг. Би Ш.Сэдбазар ахын нүүрэн дээр нь ч хэлдэг. Ш.Сэдбазар гэдэг хүний хувьд өөрөө шигшээ багийн дасгалжуулагч гэж явдаг. Тэгсэн хэрнээ тамирчдынхаа эсрэг ганцаараа Б.Тамир гэдэг хүнтэй нийлээд биднийг үгүйсгээд байгаа нь Монголын сагсан бөмбөгийн түүхэнд маш гунигтай явдал болж байна гэдгийг өөрт нь ч хэлдэг. Тэр хүн тамирчдынхаа төлөө байх ёстой болохоос биш, өөрийнхөө эрх ашиг, танил талаа нэгдүгээрт тавьж болохгүй.
-Та бүхний зохион байгуулах лиг “Ирээдүй” холбооны анхдугаар лиг гэж явах уу?
-Анхдугаар лиг гэж явахгүй. Ц.Цэвэрбал багш өөрөө тамга дараад сагсанбөмбөгийн холбооны нэр дээр явах болохоор FIBA-д бүртгэлтэй Монголын сагсанбөмбөгийн холбооны дээд лиг нэрээрээ л явна. Бидний хувьд албан ёсны хүн нь Ц.Цэвэрбал багш гэдэг үүднээс тамгаа даруулаад, ерөнхий зохион байгуулагч гэсэн нэрийн доор лигээ явуулна. Манай холбооны хувьд зохион байгуулалтад түлхүү оролцоод спонсор байгууллагатай уулзах ажилд оролцоод явна.
-Гэхдээ Ц.Цэвэрбал багш нэгдсэн холбоодын лиг зохион байгуулахад мөн гарын үсэг зурсан байсан. Энэ үйл явдлын дараа та хэд Ц.Цэвэрбал багштай уулзсан уу, өмнө нь уулзсан уу?
-Өмнө нь ч уулзсан, хойно нь ч уулзсан. Та яагаад ингээд зурчихаж байгаа юм бэ? Хоёр талд зурчихаар массд буруу ойлголт өгөөд байна гэхэд би яахав тэнд байгаа хүмүүсийг уялдуулж байгаад та хэд рүү оруулах тохируулах тэр талаас нь тийм зорилготой зурсан гэсэн.
-“Ирээдүй” холбоонд нэгдсэн долоон баг дээр нэмэгдээд өөр баг танай зохион байгуулах лигт оролцъё гэвэл боломжтой юу?
-Бүх зүйл нээлттэй. Нэгдсэн лигт орж байгаа бүх багт хүсэлт өгөөд сошиалаар мөн нээлттэй зарласан. Баг болгонд урилга хүргүүлсэн. Улирлын өмнөх тоглолтод оролцоорой гэж урьсан учраас “Хэнтий ЭБЭГ”, “Тэнүүн-Өлзий” гэх багууд орж ирсэн.
-Олон холбоо лиг эхлүүлчихээр ивээн тэтгэгчдийн хувьд хэрхэн хандаж байна. Хүндрэлтэй зүйл байна уу?
-Баг болгон дээр асуудал байна. Янз янзын асуудал л байна. Манай багийн зүгээс бол сагсан бөмбөгийн тогтолцоо чинь их утгагүй явж байсан. Тоглогчдын холбооны сүүлд зохиосон лиг үр дүнтэй байсан. Энэ зүйлийг бид амаараа ярих биш харуулаад байгаа болохоор спонсор байгууллагууддаа бичиг өгөөд дэмжиж ажиллана гэсэн.
“ИРЭЭДҮЙ” ХОЛБООНД ДАЛ ОРЧИМ ТОГЛОГЧ, Ц.МЭРГЭНИЙ ХОЛБООНД Ц.МЭРГЭН Л БАЙГАА
-Ц.Мэргэн гэдэг хүнтэй уулзсан уу. Тэр хүний шаардлага яг юу байгаа вэ. Яг ямар асуудлаас тоглогчийн холбоод нэгдэж чадахгүй байна вэ?
-Би Ц.Мэргэн ахтай “Баганат өргөө” гээд багаас хамт тоглож байсан. Дээд үеийн ах гээд бид хоёрын хувьд их чөлөөтэй харилцаатай байдаг. Тоглогчийн холбоогоо төлөөлөөд харилцвал ийм байна, хувь талаасаа ийм байна гээд ярьж үзсэн. Сүүлд ч бас уулзсан. Бидэнтэй нэгдээд манай холбоонд элсээд орчих гэж бүх тамирчин байхад дуудаад хэлсэн. Тэгэхэд “Би энэ тоглогчдын холбоог 2005 онд өөрийнхөө итгэл үнэмшлээр байгуулсан, тэгэхээр болино гэж байхгүй. Тиймээс та хэдийн тоглогчдын холбоонд орох боломж байхгүй” л гэсэн. Тэгэхээр нь бид саналаа тавьсан. Одоо хоёр тоглогчдын холбоо байна. “Ирээдүй” холбоонд 60-70 тамирчин байна, нөгөөхөд нь ганцхан Ц.Мэргэн гэдэг хүн байна. Тэгэхээр Ц.Мэргэн гэдэг хүний таалалд нийцүүлээд энэ 60-70 хүнийг нөгөө холбоо руу чирэх утгагүй. Ц.Мэргэн ахыг манай холбоонд нэгдээд, Удирдах зөвлөлд ороод зохион байгуулалтад оролцоод явахад бидний зүгээс татгалзах зүйл байхгүй. Харин ч ингэж нэгдэж нийлье гээд урьж байгаа. Бид өөрсдийгөө бодоод хоёр лигт тоглоод хоёр талаас цалингаа аваад явбал амар л байна. Ордонд болох лигт цалингаа бодоод тогловол болохоор л байна. Тэгэхдээ тогтолцоо ингээд яваад байж болохгүй. Нэгдсэн лигт тоглоод явж байтал дахиад энэ хоёр холбоо маргаад нэг холбоо нь тамирчдаа татаад аваад явчихвал яах уу? Дахиад л хэрүүл уруул эхэлнэ биз дээ.
-Ц.Цэвэрбал багшийн холбооны их хурлын тов гарсан уу?
-Арваннэгдүгээр сарын хорин хэднээр гэж байсан ч Олимпын хорооны даргын хурлын дараа болно гэж хойшлуулсан.
-Танай дээд лигийг шүүгч нарын аль холбоо шүүж явуулах вэ?
-Өмнөх жилийн дээд лигийг шүүсэн шүүгч нар шүүн явуулна. Шүүгч нар дээр асуудал гарахгүй байх.
-Хоёр холбоонд харьяалагддаг багууд аль нэг холбооных нь лигт тоглохдоо хожигдсон тохиолдолд хожигдлын буруугаа шүүгч нараас боллоо гэдэг. Энэ тал дээр саналаа хэлнэ үү?
-Шүүгч нарын хувьд олон улсын шүүгч Ганзориг, Мөнхзаяа нараар ахлуулсан баг ажиллана. Өмнөх хоёр холбооны маргаанаас болж аль нэг холбооны баг нөгөө холбооны тэмцээнд тоглоход тиймэрхүү зүйл байсныг үгүйсгэхгүй. Одоо бол тийм зүйл гарахгүй гэдэгт найдаж байгаа.
-“Ирээдүй” тоглогчдын холбооноос мэдэгдэл хийсний дараа хоёр холбоо нэгдэж лиг хийнэ гээд техникийн зөвлөлгөөн хийсэн билүү?
-Техникийн зөвлөлгөөн гэж хийнэ гэж зар тараасан. Гэвч багууд очоогүй. Тэгэхээр нь техникийн зөвлөлгөөнөө зүгээр лайв хийж байгаад дуусгаж байна лээ.
“ИРЭЭДҮЙ” ХОЛБОО FIBA-Д МОНГОЛЫГ ТӨЛӨӨЛӨХ ХҮМҮҮСТЭЙ Л ХАРИЛЦАНА
-Тэр лайв дээр Ц.Цэвэрбал багш хэлэхдээ одоо хоёр холбоо, хоёр лиг гээд ийм юм болчихлоо. Би бол дээд лигийг Монгол Улсад хамгийн дээд талдаа зургаан багтай л хийх боломжтой гэж боддог. Дээд лиг гэдэг бол шалгарсан тамирчид тоглодог лиг. Одоо тэгтэл 21 аймгийн дэд хэсэгт тоглож байсан нэг баг дээшээ гарч ирээд лигт сул хожил өгдөг баг болох гээд байна. Тиймээс лигийг нэгдсэн хийе. Миний байр суурь энэ гэж ярьсан. Өөртэй чинь ярьж байж л мэдлээ. Б.Тамир гэдэг хүн бол одоо холбооны ямар нэгэн албан тушаалгүй байгаа юм байна. Тэр хурал дээр Б.Тамир сагсан бөмбөгийн холбооны их хурлыг тамирчдын хүссэнээр хийж болохгүй. Б.Билгүүн, Г.Баттөр, Т.Санчир нь юм уу тэргүүн болох гээд байгаа бол их хурал оролцоод яв. Бид бол нэгдэж байгаа. Холбоо нэгдэнгүүт тамирчид ийм асуудал үүсгэлээ гэсэн байр суурийг илэрхийлсэн. Б.Тамир гэдэг хүнийг цаашид яах вэ?
-Тоглогчдын “Ирээдүй” холбоо одоо Ц.Цэвэрбал багштай л харилцаад явна. Угаасаа Б.Тамир, Ц.Мэргэн нартай харилцах шаардлага байхгүй. Өнгөрсөн хугацаанд бид нэгдэж нийлчихээсэй гэсэндээ Б.Тамир гэдэг хүнийг дэмжиж байсан учраас Б.Тамир гэдэг хүн холбоо төлөөлөөд байгаа хүн шиг харагдаад байсан байх. Бичиг цаас, албан юманд нэр нь байхгүй гэдгийг бид мэддэг байсан. Одоо бол тоглогчдын “Ирээдүй” холбоо албан ёсны FIBA-д төлөөлж чадах эрх бүхий хүмүүстэй л харилцана. Удахгүй болох Сагсан бөмбөгийн холбооний их хуралд магнай холбоо идэвхтэй оролцож, Удирдах зөвлөлийн гишүүнээр түлхүү сонгогдохоор хичээж ажиллана. Одоо бол Удирдах зөвлөлийн гишүүнд нь байгаа 10 хүний ихэнх нь С.Тулгатай харилцан хамааралтай хүмүүс. С.Тулгаагийн холбооны менежер хүн сагсан бөмбөгийн холбоонд юу ч хийж яваа юм, бүү мэд. Тухайн үед энэ холбоог байгуулж, Удирдах зөвлөл байгуулахдаа тамирчдаас төлөөлөл оруулаагүй. Харин 21 аймгийн төлөөлөл, сонирхогчдын төлөөлөл гээд оруулсан. Гадныхан, FIBA харахад маш олон тамирчинтай мэт л харагддаг. Гэтэл үнэн хэрэгтээ тоглогчид байдаггүй л байхгүй юу. FIBA-c төлөөлж байгаа хүн харахаар аймар олон тамирчин байна гэж хараад байгаа байхгүй юу.
-Харахад мандаттай улс байдаг?
-Тийм. Харахад олон хүн байхаар чинь нээрээ л гэж ойлгоно. Тэрнээс энэ хэн бэ гэдгийг хараад мэдэхгүй. Одоо ч гэсэн дээд лиг дээр эд нар нэгдсэн лиг гээд яриад байгаа. Гэтэл бүх багууд нь энд байхад яагаад энэ багууддаа буулт хийж, энэ багуудтай ярилцахгүй бүх юмыг хүчээр шийдэх гээд байдаг юм бэ. Заал нь бидэнд байхад наад хэд чинь ирж тоглохгүй гээд яадаг юм гэдэг ч юм уу ийм байдлаар хандаад байна. Гадагшаа, нийгэм рүү ойлголт өгөхдөө энэ лигтээ арав гаруй баг байгаа гэж яриад байгаа. Дээр дурдсан лайваараа ч одоо зохиогдох лигтээ “Хасын хүлэгүүд” гээд бидний нэгдсэн зургаан багийг бүгдийг нь байгаа мэтээр ярьж байна лээ. Ингэж илт худлаа ярьж болохгүй шүү дээ. Тоо бөглөөд ямар ч шалгуур тавихгүйгээр багууд бүртгээд явбал арав байтугай баг бүрдүүлэх амархан. Дээд лиг гэдэг үнэ цэнэ гэж байх ёстой. Шалгуур байх ёстой. Хэн ч хамаагүй, дуртай нь ороод ирдэг тэмцээн байж болохгүй. Мэргэжлийн сагсан бөмбөг, дээд лиг гэдэг статусыг хадгалахын тулд маш сайн шигшиж багуудыг оруулдаг. Одоо тэдний яриад байгаа нэгдсэн лиг гэдэг нь дээд лигийн багуудаас “Хангарьд”, “Багануур” хоёр л байгаа.
-Танай холбоо Ц.Цэвэрбал багштай хамтран ажиллана гэлээ. Энэ хүнийг бол сагсан бөмбөг сонирхогчид С.Тулгын хүн л гэж хардаг. Тэгээд их хурал болдог, С.Тулга гэдэг хүн дахиад л өөрсдийнхөө хүнийг оруулаад ирвэл яах вэ?
-Тийм эрсдэл байгаа, үгүйсгэхгүй. Бидний хувьд С.Тулга гэдэг хувь хүний зөв буруу гэж яримааргүй байна. Магадгүй тэр холбооны 3Х3 холбоог хариуцаж байгаа “Кока Кола”-гийн захирал Л.Мягмаржав захирал байсан ч гэсэн миний хувьд татгалзахгүй. Л.Мягмаржав захирал ерөнхийлөгч болсон ч миний хувьд татгалзаад байх зүйл байхгүй. Яагаад гэвэл тэр хүн өөрийн гэсэн хийсэн бүтээсэн ажилтай, 3Х3 төрлийг Монголдоо нутагшуулж, өндөр түвшинд зохион байгуулж, хөгжүүлээд явж байгаа. Ер нь бол иймэрхүү хүмүүс орж ирж байж л сагсанбөмбөгийн салбар тогтолцооны хувьд эрүүл байх юм болов уу гэж бодож байгаа. Тэрнээс Б.Тамир, С.Тулга нар шиг амбийц, эрх ашгаа бодоод асуудлыг ярилцаж шийдэж чаддаггүй, нэг ширээний ард суугаад ярилцаж чаддаггүй хүмүүс хэрэггүй. Ийм хүмүүсээс болж Монголын сагсанбөмбөгийн салбарын асуудал хүндэрсэн. Шигшээ багийн асуудлууд ч гарч ирсэн.
-Монголын шигшээ баг гэж байдаг биз дээ. Цалин авдаг, тийм ээ?
-Энэ дээр маш олон зүйл яригдаж байгаа. Шигшээ баг гээд байдаг гээд. Бидний хувьд 2007, 2008 онд доор нь явж эхэлж байсан. 2011 оноос эхлэн яг шигшээ багийн тамирчин гэж идэвхтэй явж эхэлсэн. Би лав шигшээ багаас цалин гэж авч үзээгүй. 100 төгрөг ч авч үзээгүй. Зөндөө л юм сонсогддог байсан. Шигшээ багийн тамирчдын цалин байдаг, шигшээ багийн төсөв гэж байдаг л гэдэг. Би болон тоглогчдын холбоонд тоглож байгаа тамирчдаас шигшээ багаас цалин авч үзсэн хүн лав байхгүй.
-Б.Тамирын гарын үсэгтэй Ш.Сэдбазар дасгалжуулагчтай шигшээ баг гээд цалин авсан баримт байдаг?
-Тийм. Шигшээ багийн цалин авсан гээд баахан хүүхдүүд байсан. Манай залуу тамирчид байсан. Магадгүй тэрэн дээр бид цалин авсан, аваагүй гэж ярихгүй ээ. Залуу хүүхдүүдээ бэлдэх зорилгоор тэдэнд цалин өгдөг байсан байж болно. Харин бидний хувьд дөнгөж шигшээ багт орж байсан үедээ ч цалин авч үзээгүй гэдгээ л хэлж байгаа юм. Түүнээс бид цалингүй, тэд цалинтай гэсэн асуудал бол ярьдаггүй.
-Одоо байгаа шигшээ багийн тамирчдын бланк дээр Б.Тамирын гарын үсэг байдаг уу?
-Үгүй ээ. Ц.Цэвэрбал багшийн гарын үсэг байдаг. Жакартагийн Азийн наадмын шигшээ багийн тамирчдын бланк дээр Ц.Цэвэрбал багшийн гарын үсэг байдаг.
-Жакартагийн Азийн наадмын талаар яриач, тун харамсалтай зүйл болсон шүү дээ?
-Сүүлийн тоглолтон дээр олон онооны зөрүүтэй хожсон бол шилдэг наймд үлдэх боломж байсан. Манай шигшээгийн хувьд шинэ, залуу бүрэлдэхүүнтэй оролцсон. Миний хувьд алдааны асуудалд орж тоглолтоос чөлөөлөгдсөн. 15 оны зөрүүтэй манайх хожиж байгаад сэлгээ орохоор баригдаад байсан тул би гарч тоглоод алдааны асуудалд орсон. Шигшээгийн дасгалжуулагчаар Ш.Сэдбазар ах ажилласан. Шигшээ анхнаасаа л сонгосон 12 хүний бүрэлдэхүүнтэй байсан. Өмнө нь олон улсын тэмцээнд явахад багадаа 20 тамирчныг дуудаж, тэндээс сонгон шалгаруулалтаар сонгогдож явдаг байсан. Энэ наадамд оролцоход тэгээгүй. Энэ нь маш буруу гэдгийг би анхнаасаа хэлж байсан. Бас шигшээ багийнхан бэлтгэл ч хийж амжаагүй. Азийн наадмаас өмнө нэг хоёр удаа бэлтгэл хийх гээд цуглахад 6-8 л тамирчин ирж байсан тохиолдол гарч байсан. Ийм байж болохгүй гээд Ш.Сэдбазар дасгалжуулагчдаа хэлээд, бас маргаж л байсан. Тулчихсан 12 тамирчин зарласан болохоор шигшээгээс хасагдана гэсэн айдас байхгүй тамирчид нь бэлтгэл хийхгүй байсан байх гэж боддог. Тухайн үед 3Х3 тамирчдаас шигшээд дуудах талаар яригдсан. Тэгэхдээ бол үндсэн бүрэлдэлхүүн болох Г.Цэнгүүнбаяр, Э.Цэрэнбаатар, Э.Дөлгөөн, Д.Дэлгэрням дөрөвт санал тавиагүй. Тэдний хувьд олимпод орох том зорилт тавиад ажиллаж байсан болохоор боломжгүй байсан л даа. Тэгээд би өөрөө С.Тулгатай уулзаад, С.Тулга дасгалжуулагч О.Энхбаатар, Б.Батзолбоо, Ц.Отгонжаргал гурвыг бэлтгэлд хамруулах боломжтой гээд бэлтгэлд ирүүлэхээр болсон юм. Тэр гурав бэлтгэлд ирсэн өдөр нь би гадагшаа ажлаар явж таарсан тул очиж чадаагүй. Гэтэл Б.Тамир гэдэг хүн Ш.Сэдбазар дасгалжуулагч руу залгаад, наад гурвыг чинь бэлтгэлд оруулах боломжгүй гэж хэлсэн байна лээ. Тэгээд тэр гурав бэлтгэлд хамрагдаагүй. Ийм л харамсалтай зүйлүүд болж байлаа. Уг нь тэд бэлтгэлд хамрагдаад 15-уулаа байсан бол Азийн наадамд арай илүү амжилт үзүүлэх байсан юм. Бас тоглогчид ч хасагдах магадлалаа бодоод илүү хичээн бэлтгэлээ хийх байсан.
МОНГОЛЫН САГСЧИД ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНД ОРОЛЦДОГ БОЛОХ НЬ БИДНИЙ ЗОРИЛГО
-Тоглогчдын “Ирээдүй” холбооны алсын зорилго бол зөвхөн дээд лиг зохиох биш, шигшээ багийг бүрдүүлэх, олон улсын тэмцээнд оруулах, хамгийн ойрын хугацаанд болох 2022 оны Азийн наадмын урьдчилсан шатанд тоглуулах гэдгээ Та хэлж байгаа. Энэ тал дээр танай холбооноос авч хэрэгжүүлэх эхний алхам юу байх вэ. Их хурал нь болохгүй тохиолдолд шигшээ багийг энэ долоон багаас бүрдүүлэх үү? Энэ талаар саналыг тань сонсъё.
-Хоёр холбооны удирдлагууд “Ирээдүй” тоглогчдын холбооныхныг өөрсдөө шигшээ багт орох гэлээ гэсэн утгагүй зүйлийг яриад байгаа. Үгүй ээ, бидний гол зорилгын нэг нь хоёр холбоог нэгтгэх. Хоёрдугаарт, ингэж нэгдээд олон улсын тэмцээн уралдаанд Монголын сагсчид оролцдог болъё л гэж байгаа. Монголын сагсчид нийлээд хурлаа хийгээд тамирчдыг хэрүүл маргаангүйгээр олон улсын тэмцээнд явуулчихдаг, лигээ өндөр түвшинд зохион байгуулж чаддаг тийм хүнийг удирдлагаараа сонгоё, тамирчдынхаа эрх ашгийг хамгаалдаг болъё л гэж байгаа юм. Монголын сагсан бөмбөгийн тамирчид олон улсын уралдаан тэмцээнд аливаа саад бэрхшээлгүйгээр оролцдог байх нь бидний зорилго.
А.Болдбаатар
Сэтгэгдэл (3793)