Монголбанкны Банкны бүтцийн өөрчлөлт, бодлогын газрын дарга Н.Ариунбат “ХААН банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч “Савада холдингс” компанийн хувьд ч мөн адил Монголбанк эцсийн өмчлөгч хүртэл шалгаж, мөнгөн хөрөнгийн эх үүсвэрийг тогтоосон. “Упсилон” ХХН-ийн нийт хөрөнгийн 99.99 хувийг Япон улсын иргэн, ноён Хаттори бүрдүүлсэн байдаг. Хатторигийн гэр бүл бол 1881 онд өнөөгийн “Сейко холдингс” корпорацийн үндсийг тавьсан үүсгэн байгуулагчид юм билээ. Тус гэр бүлийн гишүүд өнөөгийн байдлаар “Санко кигёо” ХХК-иар дамжуулан “Сейко холдингс” корпорацийн хамгийн том хувьцаа эзэмшигчид, эцсийн өмчлөгчид байдаг. Хатторигийн гэр бүлийн нэгэн гишүүн өөрийн эзэмшдэг “Санко кигёо” ХХК-ийн хувьцааг бусад хувьцаа эзэмшигчдэдээ худалдаж, “Упсилон” ХХН-д хөрөнгө оруулсан байдаг. Энэ хөрөнгөөр “Савада холдингс” компанийн хувьцааг худалдаж авах эх үүсвэрийг бүрдүүлсэн нь нотлогдсон... “Савада холдингс” компанийн хувьцааг худалдах, худалдан авах үйл ажиллагаа Япон улсын хууль тогтоомжийн дагуу явагдаж байгаа гэж ойлгосон...” хэмээн ярилцлагадаа дурдсан юм.
Түүний ярилцлагаас дүгнэхэд “Савада холдингс” ХХК ХААН банкны хувьцаагаа “Упсилон” ХХН-д арилжаалж байгаа юм байна, тэр арилжаа нь Японы хууль журмаар явагдаж байгаа юм байна гэдэг нь тодорхой болсон. Тэгвэл түүний нэр дурдсан ноён Хаттори буюу Жүничи Хаттори гэж хэн бэ?Японы алдарт цагны брэндийг бүтээсэн “Сейко холдингс” корпорацийн үүсгэн байгуулагч Кинтаро Хатторигийн гэр бүлийн гишүүн, “Сейко инструментс” ХХК-ийн ТУЗ-ийн дарга асан тэрбээр “Савада холдингс”-ийн ХААН банкны хувьцааг авах хэлцэл хийж байгаа “Упсилон инвенстмент” ХХН-ийн нийт хөрөнгийн 99.99 хувь буюу 26 тэрбум иенийг бүрдүүлсэн. Жүничи Хаттори 2019 оны есдүгээр сарын 27-нд Монгол Улсад “Ваёо Эйрт” гэдэг компанийг байгуулжээ.
Энэ компанийн хамтран эзэмшигч нь Будын Шандас, Окуна Рико нар. Б.Шандасын хувьд УИХ-ын гишүүн асан, замын гэгддэг Р.Будын хүү, УИХ-ын гишүүн П.Анужингийн төрсөн дүү юм.
Анх энэ компанийг байгуулахад Жүничи Хаттори, Окуна Рико нар эзэмшигчээр бүртгүүлж байсан бол 2018 оны аравдугаар сарын 12-нд Будын Шандас хувьцаа эзэмшигчээр нэмж бүртгүүлж байжээ. Жүничи Хатторигийн хувьд 2020 оны дөрөвдүгээр сарын 21-нд “Ваёо флюорид” ХХК-ийг мөн Монголд байгуулж байсан нь улсын бүртгэлийн сангаас харагддаг. “Уул уурхайн зөвлөгөө өгөх, бизнесийн зөвлөгөө өгөх чиглэлээр үйл ажиллагаа явуулна” гэж бүртгүүлсэн энэ компанийн гүйцэтгэх захирлаар Окуна Риког бүртгэлтэй.
Харин 2021 оны долдугаар сарын 21-нд энэ компанийн хувьцаа эзэмшигчээр гурван хүн нэмэгдсэн нь Монгол Улсын иргэн Раднаагийн Бадрах, Бадрахын Наранзаяа, Амарсайханы Даваажав нар байв. Тэгвэл одоо ХААН банкны хувьцааны арилжаанд оролцож байгаа Жүничи Хатторигийн монгол хамтрагчид хэн бэ гэдгийг цухас танилцуулъя.
Раднаагийг Бадрах, Бадрахын Наранзаяа, Амарсайханы Даваажав нар бол Монгол Улсад бүртгэлтэй “Бэрх уул” ХК-ийн хувьцаа эзэмшигчид, ТУЗ-ийн гишүүд. 1954 онд байгуулагдсан “Бэрх уул” ХК нь жоншны зургаан лиценз болон Чандганын нүүрсний ордын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг. Эдгээр жоншны тусгай зөвшөөрлөөс хамгийн том нь Хэнтий аймгийн Батноров сумын Бэрх тосгоны Дэлгэрхаан орд юм. Энэ орд нь 57.4 га талбай бүхий А лицензтэй.
Гэсэн ч энэ уурхайн үйл ажиллагаа 2008 оноос зогсонги байдалтай байгаа бөгөөд энэ нь Хэнтийн Батноров сум, Бэрх тосгоныхныг чамгүй бухимдуулж байв. Тухайлбал, одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2018 оны хоёрдугаар сарын 9-ний өдрийн чуулганы хуралдаан дээр, “Манай улсын уулын ууган үйлдвэр бол Бэрхийн жоншны үйлдвэр. Энэ уурхайн лицензийг одоо Галт шувуу гэдэг хочтой хүн худалдаж авсан. Гэтэл арав гаруй жил тэр олборлолт явуулахгүйгээр лицензийг хадгалж байна. Буцааж зарахаар үнэ өсөхийг хүлээж байгаа байх.
Тэр компани нь уул уурхайн бизнес хийдэггүй компани. Гаднын хөрөнгө оруулалт нэрээр, сан нэрээр гаднын баахан хүмүүс орж ирээд лиценз авчихдаг энэ зүйлд аудит хийх хэрэгтэй байна. Тэгэхгүй бол лиценз нь гаднын хүний нэр дээр байгаа гэмт хэргийн шинжтэй, луйврын шинжтэй ийм асуудал олон байна” хэмээн хэлж байжээ.
Хэвлэлийн мэдээллээс харахад “Бэрх уул” ХК нь Чандганын нүүрсний орд дээр олборлолт явуулж 2020 оны дүнгээр 1.37 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан ч, 2.98 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан. Тухайн оны дүнгээр компанийн нийт өр 51.5 тэрбум төгрөг байжээ. Өөрөөр хэлбэл ийм өртэй компанийн ТУЗ-ийн гишүүд ХААН банкны арилжаанд оролцож байгаа Жүничи Хатторигийн байгуулсан компанийн хувьцаа эзэмшигч болсон гэсэн үг юм.
Одоо харин 2021 оны гуравдугаар сарын 19-ний өдрийн “Бэрх уул” ХК-ийн ТУЗ-ийн хурлын тэмдэглэлээс сөхье.
...Тус компанийн Гүйцэтгэх захирал А.Даваажав,
-Дэлгэрхааны орд дээр Япон улсын хөрөнгө оруулалттай “Ваёо флюорит” ХХК хөрөнгө оруулалт хийхээр болсон. Хөрөнгө оруулагч тал шинэ гадаадын хөрөнгө оруулалттай компани дээрээ түшиглэн хөрөнгө оруулалт хийх сонирхлоо илэрхийлсэн. Энэ ордыг эдийн засгийн эргэлтэд оруулснаар орон нутгийн иргэдэд бодит өгөөж хүртэх юм.
ТУЗ-ийн дарга Р.Бадрах,
-“Ваёо флюорит” Дэлгэрхааны ордод хөрөнгө оруулалт хийнэ. 2020 оны хувьцаа эзэмшигчдийн хурлаар Дэлгэрхааны ордын тусгай зөвшөөрлийг худалдахыг ТУЗ болон гүйцэтгэх захиралд зөшөөрсөн.
ТУЗ-ийн гишүүн Б.Наранзаяа,
-“Ваёо флюорит” ХХК-ийн хувьцааны арван хувийг Р.Бадрах, арван хувийг Б.Наранзаяа, арван хувийг А.Даваажав үлдсэн 70 хувийг Япон улсын иргэн Хаттори сан эзэмшихээр хуулийн бүртгэл хийлгэж байгаа.
Гүйцэтгэх захирал Д.Даваажав,
-Дэлгэрхааны гүний уурхай өмнө нь 30 орчим жил ашиглагдаж байгаад зогссон. Үлдсэн баялаг нь газар доор байгаа. Энэ уурхай эргэлтэд орвол Бэрх тосгоны ард иргэд залуус бодит ажлын байраар хангагдах нөхцөл бүрдэнэ. “Бэрх уул” ХК нь тус ордыг эдийн засгийн эргэлтэнд оруулахын тулд шаардлагатай бүх зүйлээр “Ваёо флюорит” ХХК-ийг дэмжиж, хамтран ажиллах болно...
ХААН банкны хувьцааны арилжааны эргэн тойронд ийм үйл явдлууд өрнөж байна. Магадгүй “Ваёо эйрт” компани дээр Жүничи Хатторигийн хамтрагчаар бүртгүүлсэн Б.Шандас, “Ваёо флюорит”-ын хувьцаа эзэмшигч Р.Бадрах, Б.Наранзаяа, А. Даваажав нар хэвлэлийнхний хардаж байгаачлан “Эрдэнэт”-ийн 49 хувийн хувьцаан дээр гарч ирсэн “Ц.Пүрэвтүвшингүүд” байж мэдэх л юм.
О.Балдан-Очир
Сэтгэгдэл (6769)