Өнгөрсөн баасан гарагт "Apple" компанийг шинээр гаргасан "iPhone X" загварын утаснуудынхаа дэлгэцний үзүүлэлтийг худал гаргаж хэрэглэгчдийг хуурсан гэсэн үндэслэл бүхий зарга шүүхэд очсон байна.
Зарга мэдүүлэгч хоёр иргэний хувьд тус компанийг "iPhone X", "iPhone XS", "iPhone XS Max" загваруудын дэлгэцний хэмжээ болон пикселийн тооны талаар ташаа мэдээлэл түгээж сурталчилсан гэж үзэн Хойд Калифорний анхан шатны шүүхэд гомдол гаргажээ. "Apple" компаний зүгээс энэ талаар хариу мэдэгдэл хийгээгүй байгаа аж.
Тодруулбал зарга мэдүүлэгчид "Apple"-ийг "iPhone X" утасны дэлгэцийн хэмжээг гаргахдаа хүрээ, дээд ирмэг гэх мэт дэлгэцэнд орохгүй хэсгүүдийг оруулан тооцсон гэж үзжээ. Тэдгээр хэсгүүдийг хасаад хэмжиж үзвэл дэлгэцний бодит хэмжээ "Apple"-аас зарласан 5.8 инч биш 5.6875 инч болж байгаа аж.
Үүнээс гадна тэд мөн "iPhone X"-ийн дэлгэц сурталчилгаанд дурдагдсанаас бага харьцаатай байна гэж үзжээ. "Apple" тэрхүү загварынхаа дэлгэцний харьцааг 2436x1125 пиксель гэж сурталчилсан ч нарийн тооцоолж үзвэл тэр харьцаандаа хүрээгүй гэсэн байна. Пиксель бүрт улаан, ногоон, хөх гэсэн гурван дэд пиксель байх ёстой ч "iPhone X"-ийн дэлгэцэнд хоёр л дэд пиксель байсан хэмээн тус гомдолд дурдагджээ.
"Apple" компани бүтээгдэхүүнээсээ болж шүүхэд дуудагдаж байгаа анхны тохиолдол энэ биш юм. Өнгөрөгч гуравдугаар сард арваад хэрэглэгч "iPhone" утасны програм хангамжийн доголдолтой холбоотой 59 үндэслэл гаргаж шүүхэд зарга мэдүүлж байв. Харин зургаадугаар сард өөр нэгэн хэрэглэгч "Apple Watch"-ийн бөх бат байдлын асуудлаар гомдол гаргаж тус компаниас 5 сая ам.долларыг нэхэмжилсэн байна.
Л.Сайнаа