“Дэлхийн мисс-2018” гоо бүсгүй шалгаруулах 68 дахь удаагийн тэмцээний сүүлийн шатны шалгаруулалт өнөөдөр БНХАУ-ын Санья хотод болж, ялагч тодров.
Энэ удаагийн тэмцээнд 118 орны гоо бүсгүй 4 долоо хоногийн турш өөрсдийн авьяас чадвар, оюун ухаан, гоо үзэсгэлэнгээрээ өрсөлдсөнөөс дэлхийн тэргүүн миссээр Мексикийн гоо бүсгүй, 26 настай Ванесса Понче де Леон тодорч Дэлхийн миссийн титмийг зүүв. Тэрбээр шилдэг 12-т Америк тивийн оролцогчдоос шалгарсан юм. Харин дэд миссээр Тайландын гоо бүсгүй тодорсон бол Беларусь, Ямайк, Мексик, Уганда, Тайландын гоо бүсгүйчүүд шилдэг 5-д багтлаа.
Эцсийн шатны шалгаруулалтад зөвхөн 30 гоо бүсгүй тунан үлдсэн бөгөөд харамсалтай нь эх орноо төлөөлөн оролцсон Монголын мисс Э.Энхриймаа багтаж чадсангүй. Гэвч тэрбээр эх орноо дэлхийн гоо бүсгүй шалгаруулах тэмцээнд амжилттай танилцуулж чадлаа. Тэрбээр явцын шалгаруулалтад амжилттай оролцож зорилго бүхий гоо бүсгүй шалгаруулалтад шилдэг 25-т багтсанаас гадна авьяасын үзүүлбэрт шилдэг оролцогчоор шалгарсан билээ.
Монгол Улсын хувьд 2005 оноос эхлэн "Miss World" тэмцээн оролцож байгаа бөгөөд хамгийн өндөр амжилтыг 2016 онд А.Баярцэцэг үзүүлж, шилдэг 11-т шалгарсан юм. Мөн 2017 оны оролцогч Ц.Энхжин шилдэг 15 оролцогчийн нэг болж байв.
Л.Сайнаа