2001 оны есдүгээр сарын 11-ний халдлагатай адил халдлагаас урьдчилан сэргийлэхийн тулд АНУ Афганистан дахь цэргийн оролцоогоо зайлшгүй хадгалах шаардлагатай гэж тус улсын Зэвсэгт хүчний Штабуудын дарга нарын хорооны дарга, генерал Жозеф Данфорд пүрэв гарагт “The Washington Post” сониноос зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.
“Хэрэв бид Афганистаныг орхин гарвал Өмнөд Азид тогтворгүй байдал үүсгээд зогсохгүй АНУ болон манай улсын холбоотон орнуудын эсрэг явуулах ажиллагаагаа төлөвлөж, зорилгодоо хүрэх боломжийг террорист бүлэглэлүүдэд олгоно. Чухам энд бидний шийдэхийг оролдож байгаа асуудал оршиж байна” гэж тэрбээр хэлээд, “хэрэв бид “Аль-Каида”, “Лалын улс” болон бүс нутаг дахь бусад бүлэглэлд одоо үзүүлж байгаа шахалтаа зогсоовол бидний тооцоолж байгаагаар, хэсэг хугацааны дараа тэд өөрсдийн чадавхыг сэргээнэ” хэмээн онцлон тэмдэглэсэн байна.
2001 оны 10 дугаар сар буюу тухайн үед АНУ-ын Ерөнхийлөгч байсан бага Жорж Буш пуужингийн цохилт өгөхийг тушаасан өдрөөс хойш тус улсын Афганистанд явуулж буй ажиллагаа одоог хүртэл үргэлжилж байгаа юм. Террористууд есдүгээр сарын 11-нд Нью-Йорк болон Вашингтон хотод 3000 хүний амийг авч одсон цуврал халдлага үйлдсэнээс нэг сарын дараа гаргасан энэ шийдвэр нь “Аль-Каида” бүлэглэлийг устгах зорилготой байв.
Пентагоны тооцоолсноор, Америкийн төсвөөс Афганистан явуулж буй ажиллагаанд гаргасан зардал 680 тэрбум ам.доллар давсан бөгөөд тус улсын 2035 цэрэг амиа алдаж, 20 мянга гаруй цэрэг хүнд, хөнгөн шархадсан байна. Уг ажиллагаа нь АНУ-ын урьд өмнө нь оролцож байсан цэргийн мөргөлдөөнүүдээс хамгийн удаан үргэлжилж буй нь юм.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)