Дэлхийн суут арван их сэтгэгчдийн нэгд зүй ёсоор ордог Күнз бүхий л амьдралынхаа туршид эрдэм мэдлэгийг дээдэлж, ёс суртахууныг түгээн дэлгэрүүлэхэд ихээхэн анхаарч байжээ. МЭӨ 551 онд төрж, 479 онд таалал төгссөн тэрбээр 30 настайдаа сургууль байгуулж, шавь нарынх нь тоо 3000 хүрсэн гэдэг.
Тэднээс эрдэм номд төгс боловсорсон 72 шавь байсан талаар түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Тэгвэл түүний үйл хэргийг олон нийтэд сурталчлан таниулах зорилготой музей Хятадад нээгдэж, энэ сарын 26-наас иргэдэд үйлчилж эхэллээ.
Таван жилийн хугацаа зарцуулан барьсан тус музей Күнзийн төрсөн нутаг Шандун мужийн Чүфү хотод байрладаг. Эхний ээлжинд 2000 гаруй баримт, материалыг Күнзийн дурсгалт зүйлийн архиваас нүүлгэн шилжүүлж, музейд байрлуулсан байна. Цаашид 69 мянга гаруй Күнзтэй холбогдох түүхийн дурсгалт зүйлийг нэг бүрчлэн “Шинэ гэрт” нь нүүлгэх аж.
Күнз “Би 15 насандаа эрдэмд шимтэн, 30 хүрэхүйд эрийн цээнд хүрч, 40 хүрэхүйд төөрөлдөж гуйвахааргүй зогсож, 50 хүрэхүйд тэнгэрийн бошгыг таньж, 60 хүрэхүйд сонссон болгоноо салгаж ялгаж чадах болж, 70 хүрээд хүсэл зоргоороо явавч, хэв ёсны хүрээ хэвчээнээс хэтэрч эс халив” хэмээсэн байдаг.
Л.Сайнаа