Хятад улс байршил тогтоох “Бэйдү” хиймэл дагуулын үйлчилгээний систем (BDS)-ийнхээ хоёр хиймэл дагуулыг Сычуань мужийн нутаг дахь Шичань хиймэл дагуул хөөргөх төвөөс орон нутгийн цагаар шөнийн 2:07 цагт “Long March-3B” нэрт пуужин тээвэрлэгчээр амжилттай хөөргөжээ. Хос хиймэл дагуул дэлхийн тойрог замын дундын бүсэд гурван цаг гаруйн дараа нэвтэрсэн бөгөөд сансрын уудамд хэдийнэ гараад буй BDS-ийн гуравдугаар ээлжийн бусад 17 хиймэл дагуултай нийлэн ажиллах юм. Сүүлд хөөргөсөн энэхүү хоёр хиймэл дагуул нь “Бэйдү” системийн “өнөр бүл” дэх 42, 43 дахь гишүүн болж байна. Эл хос хиймэл дагуулыг ийнхүү амжилттай хөөргөснөөр BDS-ийн ажиглалтын хиймэл дагуулуудыг тараан байршуулах ажил дуусгавар болж байгаа аж. Хятад улс BDS-3 хөтөлбөрийнхөө хүрээнд энэ оны эцэс гэхэд “Бүс ба зам” санаачилгад багтсан орнуудад мөн байршил тогтоох үйлчилгээ үзүүлэх зорилт тавиад буй.
“Бэйдү” үйлчилгээний нэгдсэн системийн ерөнхий дизайнер Янь Чанфэний хэлснээр дээрх хос хиймэл дагуулыг амжилттай хөөргөсөн нь BDS-ийг дотоодын туршилтын системээс бүс нутгийн, цаашлаад дэлхийн хэмжээний байршил тогтоогч болгон хөгжүүлэхэд нэн чухал алхам юм. Түүний онцолсноор BDS-3 системийн байршил тогтоох нарийвчлал 2.5 метрээс таван метр болж сайжирсан нь өмнөх BDS-2-ынхоос даруй хоёр дахин илүү гэсэн үг. Big Dipper буюу Том шанага (Шанага долоон од) одны ордын хятад дуудлагаар нэрлэгдсэн “Бэйдү” байршил тогтоох систем нь 2000 оноос Хятадын нутаг дэвсгэрт, 2012 оноос Ази-Номхон далайн бүсэд ажиллаж эхэлсэн юм. Хятад улс BDS-3-ын хүрээнд дахин зургаан ч хиймэл дагуулыг дэлхийн тойрог замд гаргахаар ажиллаж буй бөгөөд гурав нь геосинхрон тойрог замд, хоёр нь 2019-2020 онд гео баазын тойрог замд тус тус ажиллах аж. Энэхүү систем нь бүхэлдээ 2020 оны сүүлч гэхэд дэлхийн хэмжээнд дээд зэрэглэлийн үйлчилгээ үзүүлэх юм.
Л.Сайнаа