БНХАУ-ын дарга Ши Жиньпин Сери-Бегаванд Брунейн султан Хажи Хасанналтай хэлэлцээр хийв. Хэлэлцээрийн үеэр хоёр орны тэргүүн Хятад Брунейн харилцааны идэвхтэй байдлыг өндөр үнэлж, цаашид хоёр орны стратегийн түншлэлийн харилцааг өргөтгөж улс төр, эдийн засаг соёл боловсролын салбарт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх яриа хэлцлүүд хийжээ.
Ши Жиньпин “Хятад, Бруней хоёр улс далай тэнгисээр тусгаарлагдсан ч харилцан итгэлцлээр алсраагүй сайн найзууд билээ. Манай хоёр улс урт удаан найрсаг харилцааны түүхтэй. Энэ айлчлалаар дамжин, хоёр орны харилцааг шинэ шатанд гаргаж, ард түмэнд үр шимийг нь хүртээхийг хүсэж байна. Хятад улс Брунейг 21 дүгээр зууны далайн торгон замын чухал хамтрагч хэмээн үздэг. Хятад улсын "Нэг бүс Нэг зам" санаачлага Брунейн "2035 мөрөөдөл"-тэй уялдан нэгдэж хоёр орны иргэдэд бодит ашиг тус хүртээнэ гэдэгт найдаж байна” гэв.
Хажи Хасаннал “Ши Жиньпин даргын Бруней дахь анхны айлчлалыг бид баяр талархалтайгаар хүлээн авч байна. Энэ удаагийн айлчлал хоёр орны уламжлалт харилцааг ахиулах төдийгүй талуудын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд түүхэн чухал ач холбогдолтой. Бруней Хятад хоёр орны найрсаг харилцаа олон жилийн түүхтэй. Хоёр улс бие биенээ харилцан хүндэтгэж хамтдаа ялалтад хүрэх зарчмаар ажиллаж ирсэн. Таны энэ удаагийн айлчлалаар хоёр орны харилцаа стратегийн түншлэлийн түвшинд хүрсэнд баяртай байна. Бруней “Нэг Хятад” бодлогыг баримталсаар ирсэн. Талууд эдийн засаг, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, боловсролын салбарт хамтын ажиллагаагаа гүзгийрүүлж хоёр орны иргэдэд бодит ашиг тус хүргээх болно” гэлээ.
Л.Сайнаа