Монголбанкнаас “ЖДҮ-ийн түүвэр судалгаа-2018” хийжээ. Долоо дахь жилдээ гаргаж буй уг судалгаа нь ЖДҮ-ийн өнөөгийн байдал, учирч буй саад бэрхшээл, шаардлагатай санхүүжилтийг тодорхойлж, улмаар бодлогын арга хэмжээний санал боловсруулах, зорилтод бүлэгт хэрэгцээтэй төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилготой юм.
Судалгааны дүнгээс дурдвал, судалгаанд оролцогчдын тэн хагас нь буюу 46 хувь нь 50-499 сая төгрөгийн жилийн борлуулалтын орлоготой байна. Харин 36 хувь нь 10-49 сая төгрөгийн, 12 хувь нь 9.9 сая төгрөгөөс бага борлуулалтын орлоготой буюу бичил бизнес эрхэлдэг байна. Жилийн борлуулалтын орлого хамгийн өндөр (500 саяас 1 тэрбум төгрөгийн орлоготой) ЖДҮ эрхлэгчид нийт түүврийн 6 хувийг эзэлж байна. Түүнчлэн судалгаанд оролцогчдын тал нь нэг хүртэлх жил, үлдсэн тал хувь нь 1-ээс дээш жил үйл ажиллагаа эрхэлж байгаа байгууллагууд бөгөөп дийлэнх нь 1-10 хүртэлх тооны ажиллагсадтай бичил бизнес эрхлэгчид хамрагдсан аж.
Уг судалгаанд хамргадсан ЖДҮ эрхлэгчдийн 49 хувь нь хувиараа, 42 хувь нь хязгаарлагдмал хариуцлагатай компани хэлбэрээр бизнес эрхэлдэг байна. Харин нөхөрлөл, хувьцаат компани, хоршоо хэлбэрээр бизнес эрхлэгчдийн тоо судалгааны нийт түүвэрт тус бүр 2 хувийг эзэлж байна.
Судалгаанд хамрагдсан ЖДҮ эрхлэгчдийн дийлэнх (29 хувь) нь арилжааны банкууд ЖДҮ эрхлэгчдийг хамгийн ихээр дэмждэг гэж хариулжээ. Харин түүний дараагаар орон нутгийн засаг захиргаа, бусад санхүүгийн байгууллагууд, худалдаа, аж үйлдвэрийн танхим, засгийн газар зэрэг бусад байгууллагууд орсон байна. Зөвлөгөө өгөх байгууллага, төвүүд болон олон улсын байгууллагуудын ЖДҮ эрхлэгчдэд үзүүлж буй дэмжлэг хамгийн бага гэсэн үр дүнтэй гарчээ.
ЖДҮ эрхлэгчдийн зүгээс цаашид тэдний үйл ажиллагааг дэмжихийн тулд төрийн болон төрийн бус байгууллагуудаас хэрэгжүүлэх хэрэгтэй гэж үзжээ. Санал асуулгын дүнгээр судалгаанд хамрагдсан ЖДҮ эрхлэгчдийн 22 хувь нь цаашид нэн тэргүүнд төрийн үйлчилгээг чирэгдэлгүй болгох, 15 хувь нь татварын таатай орчинг бүрдүүлэх, 10 хувь нь авилгыг бууруулах, 9 хувь нь хөнгөлөлттэй санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатай гэж хариулсан байна.
Санал асуулгын дүнг нэгтгэж, бизнесийн орчны ерөнхий индексийг тооцоход нийгэм улс төрийн орчин (-0.59), макро эдийн засгийн орчин (-0.40), санхүүжилтийн орчин (-0.52), хууль эрх зүй, төрийн зохицуулалтын орчин (-0.35), зах зээлийн орчин (-0.13), дэд бүтцийн орчин (0.00) гэсэн үнэлгээтэй гарчээ. Үнэлгээнээс харахад манай улсын ЖДҮ эрхлэгчдэд нийгэм улс төрийн байдал, макро эдийн засгийн нөлөө, санхүүжилтийн орчин болон хууль, эрх зүйн зохицуулалт гол хүндрэл учруулж байгаа аж. Бизнесийн орчинд нөлөөлөх хүчин зүйлсийг үзүүлэлт тус бүрээр нь үнэлж жагсаахад ЖДҮ эрхлэгчид зээлийн нөхцөл (хүү, хугацаа, шимтгэл), ажилгүйдэл, улс төрийн байдал, хээл хахууль, валютын ханш болон инфляци бусад үзүүлэлттэй харьцуулахад хамгийн их хүндрэлтэй байна гэж үзжээ. Харин технологийн дэвшил болон дэд бүтцийн асуудлууд хүндрэл багатай гэж хариулсан байна
Энэ удаагийн санал асуулгын дүнгээс харахад ЖДҮ эрхлэгчдэд нийгмийн орчны зүгээс улс төрийн байдал болон хээл хахууль хамгийн их хүндрэл учруулдаг гэж хариулсан байна. Нийгмийн орчны бүлгийн индексийг аймаг болон нийслэл хотын хэмжээнд авч үзвэл Хөвсгөл, Ховд, Баянхонгор аймгийн ЖДҮ эрхлэгчид нийгмийн орчинд хамгийн муу үнэлгээг өгчээ.
Өнгөрсөн нэг жилийн хугацаанд санхүүжилтэд хамрагдсан ЖДҮ эрхлэгчдийн дийлэнх нь буюу 76 хувь нь банкны зээл болон 12 хувь нь хөнгөлөлттэй зээл авч санхүүжилтийн эх үүсвэрээ бүрдүүлжээ.
Түүнчлэн өнгөрсөн нэг жилийн хугацаанд гадаад санхүүжилтэд хамрагдсан 760 ЖДҮ эрхлэгчид санхүүжилтийнхээ дийлэнх хэсгийг эргэлтийн хөрөнгө (57 хувь) болон машин тоног төхөөрөмж (17хувь)-д зарцуулсан бөгөөд багахан хэсгийг судалгаа, шинжилгээ, зар сурталчилгаа болон ажилчдаа сургахад зарцуулсан байна.
Судалгаанд хамрагдсан ЖДҮ эрхлэгчдийн 78 хувь нь буюу 1333 ЖДҮ эрхлэгч сүүлийн нэг жилийн хугацаанд зээлээ хугацаанд нь төлж чадаагүй тохиолдол гаргаж байгаагүй бол 13 хувь нь зээлээ хугацаанаас нь хэтрүүлэн төлж байжээ.
Судалгаанд хамрагдсан ЖДҮ эрхлэгчдийн 17 хувь буюу 319 жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн борлуулалтын орлого сүүлийн нэг жил буурсан бол 27 хувь буюу 487 ЖДҮ эрхлэгчдийн борлуулалтын орлого өссөн байна. Харин дийлэнх хэсэг болох 56 хувь буюу 918 ЖДҮ эрхлэгчдийн борлуулалтын орлогод өөрчлөлт гараагүй байна.
Дэлгэрэнгүйг https://www.mongolbank.mn/documents/SME_2018_report_last.pdf хаягаар харна уу.
Монголбанк