УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Ипотекийн зээл олголтын байдал цаашид авах арга хэмжээний талаарх салбарын сайдын мэдээллийг сонсч байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан мэдээлэл өгсөн. Тэрээр,
-Ипотекийн зээлийн журам 2008 оноос эхэлсэн. Үүнээс хойш 4-5 удаа журам гаргасан байдаг. 2008-2012 онд 42661, 2013-2016 онд 80 гаруй мянган өрх ипотекийн зээлд хамрагдсан байна. 2016 оноос манай улс ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсан учраас зээл олголт хумигдсан. 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс Засгийн газар энэ хөтөлбөрийг өөр дээрээ авах зөвлөмжийг ОУВС-гаас өгсөн.
2017 онд 10 мянган айл ипотекийн зээлд хамрагдсан. 2017 оноос эхлээд төсөвт тодорхой хэмжээний хөрөнгө тусгаад зээлийг явуулж байгаа. 2017 онд 110, 2018 онд 120 тэрбум төгрөг улсын төсөвт тусгасан. Ипотекийн зээлийг гурван эх үүсвэрээс санхүүжүүлж байгаа. Тодруулбал, улсын төсвөөс, зээлийн эргэн төлөлт, арилжааны банкууд өөрсдийн эх үүсвэрээ гаргаад явж байна. Эхний арван сарын байдлаар 248 тэрбум төгрөгийн зээлийг 3798 иргэнд арилжааны банкны эх үүсвэрээр олгожээ. Харин Монголбанк болон улсын төсвөөс 3578 иргэнд 236 тэрбум төгрөгийн зээл олгож нийт 7383 айл зээлд хамрагдаад байна. Оны эхэнд өнгөрсөн оныхтой ойролцоо дүн гарна гэсэн тооцоо гаргасан. Энэ тоотой дүйж очно” гэлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тодруулга авч байна. Тухайлбал,
УИХ-ын гишүүн З.Нарантуяа: Ипотекийн зээлийг төсвөөс санхүүжүүлэх боломжгүй. Энэ асуудалд тайлбар өгнө үү?
Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан: Нарантуяа гишүүнтэй санал нэг байна. Төр ипотекийн зээлийг санхүүжүүлээд авч явах боломжгүй. Зах зээлийн зарчмаар явах ёстой. Арилжааны банкуудын олгож байгаа зээлийн зөрүүг төр өгөөд явж болох эсэх талаар санал оруулахад дэмжигдээгүй.
Байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна.
Сэтгэгдэл (1)