Эквадор Улсын нийслэл Кито хотноо 2018 оны арваннэгдүгээр сарын 5-9-ний өдрүүдэд “Озоны давхаргыг хамгаалах Венийн конвенци болон Монреалийн протоколын талуудын 30-дугаар бага хурал”-д дэлхийн 197 орны төлөөлөгчид оролцлоо. Хурлын үеэр төлөөлөгчид манай гарагийн өмнө тулгараад буй экологийн хурц асуудлын нэг болох озоны давхаргыг хамгаалах, дэлхийн дулааралд хүчтэй нөлөө үзүүлж байгаа хүлэмжийн хийн нэгэн төрлүүд болох гидрохлорт фтортнүүрстөрөгчийн болон гидрофторт нүүрстөрөгчийн төрлийн химийн бодисуудын хэрэглээг үе шаттай бууруулах талаар авах арга хэмжээг хэлэлцсэн юм. Тус бага хуралд БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр, Озоны албаны захирал, доктор Ц.Адъяасүрэн нар оролцож, талуудын бага хурлын дээд хэмжээний хуралдаан дээр БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр үг хэлж дээрх асуудлаар Монгол Улсын Засгийн газраас хийж байгаа ажлын үр дүн, ололт амжилт болон цаашдын чиг хандлагын талаар мэдээлэл хийж, ойрын үед Монреалийн протоколын Кигалигийн нэмэлтэд нэгдэн орох талаарх байр суурийг илэрхийлэв. БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр Монгол Улс нь Монреалийн протоколоор олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ амжилттай биелүүлж байгаа бөгөөд хүн төрөлхтөний ирээдүйд нөлөө бүхий дээрхи олон улсын гэрээг хэрэгжүүлэх талаар хууль эрх зүйн талаар олон удаа шинэчлэл хийж, хөргөлт, агааржуулалтын үйлчилгээний салбарт шинэ технологиуд нэвтрүүлж, тухайн салбарын хүний нөөцийг чадавхижуулах талаар тодорхой хэмжээний хөтөлбөрүүд хэрэгжүүлж байгааг онцолсон юм.