АНУ Төв Америкийн орнуудаас ирж байгаа цагаачдын цувааг хилээрээ нэвтрүүлэхгүй гэж мэдэгдсэн билээ. 7000 цагаач АНУ-ыг зорин Мексик рүү дөхөж байгаа гэх мэдээлэл бий. Үүнтэй холбоотойгоор Доналд Трамп Мексиктэй залгаа орших өмнөд хил рүүгээ 15 мянга хүртэлх тооны цэрэг илгээх боломжтойгоо мэдэгдлээ. Тэрбээр Цагаан ордонд сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ энэ талаар хэлэв. Түүнчлэн АНУ-ын Батлан хамгаалах яам энэ долоо хоногийн эхээр Мексиктэй хиллэх хил рүү 5200 цэрэг илгээнэ гэж мэдэгдсэн юм.
АНУ-ын Ерөнхийлөгч “Цагаачдын цуваа манай улс руу нэвтэрч чадахгүй. Бид бэлтгэлтэй байх болно” гэжээ. АНУ, Мексикийн хил дээр одоогоор 2100 цэрэг байгаа аж. Цагаачдын цуваа АНУ-ын хилд хүрэхэд 1500 км зам туулах л үлдсэн байна.
Венесуэл тэргүүтэй Латин Америкийн орнууд АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампт хандан хүнлэг зан гаргаж цагаачдыг улс руугаа оруулахыг гуйсан юм. Гэвч АНУ 7000 цагаачийг эх орон руу нь буцаах бүхий л аргыг хэрэглэнэ гэдгээ мэдэгдэж буй. Доналд Трамп цэргийн хүч ашиглана гэдгээ сануулсаар байгаа билээ.
Л.Сайнаа