Нийслэлийн Засаг даргын санаачилгаар газар чөлөөлөх ажил ид өрнөж байгаа билээ. Энэ ажлынхаа хүрээнд өнгөрсөн тавдугаар сард Нийслэлийн Засаг дарга С.Батболд захирамж гаргаж Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр, Богд хааны ордон музейн хойд талд байрлах 16000 м2 газрыг үйлчилгээ, цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар “Вантрейд” ХХК-д эзэмшүүлсэн эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон.
Богд хааны ордон музейн газраас Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/492 дугаар захирамжаар 15993 м2 газрыг “Вантрейд” ХХК-д, Нийслэлийн Засаг даргын 2010 оны 415 дугаар захирамжаар 5512 м2 газрыг “Номуун гэрэл” төвд, “Интернэйшнл медикал центр” ХХК-д Нийслэлийн Засаг даргын 2011 оны 539 дугаар захирамжаар 1319 м2 газрыг, мөн 2010 оны 415 дугаар захирамжаар 1365 м2 газрыг тус тус олгосон байдаг. Өмнө нь 1998 онд улсын хамгаалалтад орсон Богд хааны ордон музейн газрыг 1997 онд Хан-Уул дүүргийн Засаг дарга шийдвэр гаргаж ар талынх нь 1,7 газрыг “Ван Трейд” ХХК-д өгчээ. Хоёр хэсгээс бүрдэх энэ компанийн барилга одоо аль хэдийн боссон бөгөөд хоёр давхар шар барилгыг та бүхэн андахгүй байх. Хэрвээ мэргэжлийн хяналтын ерөнхий газраас “Хоёр давхраас дээш барьж болохгүй гэсэн шийдвэр гараагүй бол чухам хэдэн давхар барилга босох байсныг бид тааж мэдэхгүй. 2008 онд тус музейн удирдлагууд хэргийн эзэн “Ван Трейд” компанийг шүүхэд өгч, газраа эргүүлэн авахаар тэмцсэн ч амжилтыг эс олж 1,3 га газрыг таван жилийн хугацаатайгаар өгсөн байна. 1998 онд УИХ-аас улсын хамгаалалтад авах газруудын тоонд Богд хааны ордон музейг авчээ. Тухайн үед тус музейд хамаарах 5,7 га газрыг мэдэлд нь үлдээсэн байдаг аж. Тэгвэл “Вантрейд” ХХК эргүүлэн зарга үүсгээд эхэлжээ. Тодруулбал, Нийслэлийн Засаг дарга С.Батболдын дээрхи шийдвэрийг "Вантрейд" ХХК эсэргүүцэж хууль бусаар эзэмшсэн газрын эрхээ сэргээлгэхээр улайран зүтгэж, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд хандсан сурагтай.
Тус компани түүх Богд хааны ордон музей рүү ийн түрэмгийлэн дайрах учир шалтгаан нь юунд байгааг хэн ч эс мэднэ. Манай улсад өөрийн барилгыг барьж л байвал хаана ч байсан хамаагүй гэдэг гаж сэтгэлгээ газар авсан. Нэгэн жишээ дурдахад Чойжин ламын сүм музейн газарт өөрийн гэрээ барьсан Ш.Баярсайхан гэх эрхмийг хэлж болно. Гэвч Засаг даргын шийдвэрээр нураасан билээ.
Бид дэлхийн жишиг гэж ярих дуртай. Тэгвэл БНХАУ-д тухайн газрыг чөлөөл гэсэн хугацаанд нь чөлөөлөөгүй тохиолдолд албадан нураадаг журамтай аж. Яагаад тус хэсэг газрыг чөлөөлөх ёстой шалгтгааныг энд сийрүүлье. Бидэнд өмнөх цаг хугацаанаас үлдэх юм гагцхүү түүх л байдаг. Энэ газар нь Монголын шашин төрийг хосолсон, Наран гэрэлт, Түмэн наст VIII Богд Жибзундамба хааны өвлийн ордон бөгөөд энэ нь хамгийн баялаг сан хөмрөг бүхий музейн нэг гэгддэг. Түүгээр ч зогсохгүй монголын түүх, уламжлал, соёл урлагийн үнэт өв энд хадгалагдаж буй.
Тийм ч учраас түүхэн газруудаа эрх мэдэлт, зоосон нүдтэнгүүдийн гараас чөлөөлж, хамгаалж үлдэх ёстой. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдын эхлүүлсэн уг ажлын үр дүнд хууль бусаар барьсан олон газруудыг чөлөөлж, үр дүнтэй явагдаж байгаад талархууштай. Харин энэ мэт төрийн хамгаалалттай газрыг мөнгөөр зодож, өөрийн болгодог эрхмүүдэд эрхийг нь олгосон газрын алба хийгээд холбогдох газруудад хариуцлагыг тооцдог болмоор байна. Тэдний толгойг нь илсээр байтал нүүр өгөхөөр, өөдөөс бөгсөө өгнө гэгчийн үлгэр болж байна. Төрийн хамгаалалттай газар юу ч барьсан бай хамаагүй “туушиндах” л хэрэгтэй. Эрхэм хотын дарга аа, нэгэнт л эхлүүлснээс хойш туушиндах шаардлагатай газраа бүгдийг нь туушиндъя.
Л.Сайнбаяр
Сэтгэгдэл (11)