Apple компани өчигдөр албан ёсоор АНУ-ын анхны их наяд ам.долларын үнэлгээтэй компани боллоо.
Өнгөрсөн Мягмар гарагт тус компани хоёрдугаар улирлын санхүүгийн үр дүнгээ танилцуулсан юм. Уг үр дүн Уол Стритийн төсөөлж байснаас давсан тул Лхагва гарагт хувьцааных нь үнэ 5 хувиар өссөн. Улмаар энэ өсөлт Пүрэв гарагт мөн үргэлжилж, нэгж хувьцааны үнэ нь $207.05-ыг давснаар их наядын болзлыг хангажээ.
Уг дүнгээр хөрөнгийн зах зээлд байгаа бүх хувьцааных нь тоог үржүүлбэл $1 их наяд хүрч байгаа юм.
Ийнхүү дөч гаруй жилийн өмнө Стив Жобсын машины гарашд үүссэн компани өнөөдөр түүхэнд нэрээ бичиж байна. Apple 1980 онд нээлттэй компани болж, хөрөнгийн зах зээлд хувьцаагаа арилжиж эхэлснээс хойш 40,000 хувийн өсөлтийг үзүүлсэн гэсэн үг.
Анх компьютер, дараа нь iPod, iPhone, iPad зах зээлд гаргаж байсан Apple өнөөдөр зөвхөн үйлчилгээнээсээ орлогын чухал хэсгийг олдог болоод байгаа. Тухайлбал өнгөрсөн улиралд App Store, Apple Music, iCloud зэрэг онлайн үйлчилгээнүүдийн орлого нь хамгийн өндөр буюу 31 хувийн өсөлттэй гарсан юм.
$1,000,000,000,000 гэдэг бол Монгол улсын үндэсний дотоодын нийт бүтээгдэхүүнээс бараг 100 дахин их гэсэн үг.
Энэ босгыг өмнө нь АНУ-ын ямар ч компани давж байгаагүй. Харин 2007 оны арваннэгдүгээр сард Хятадын газрын тосны төрийн өмчит PetroChina компани хөрөнгийн зах зээлд анх гарсан өдрөө хэдхэн цагийн хугацаанд нэг их наядын үнэлгээнд хүрээд буцсан байдаг.
Өнөөдөр тус компанийн зах зээлийн үнэлгээ $500 тэрбум хүрэхгүй болоод байна. Энэ нь Алибабагийн үнэлгээнээс бага гэсэн үг.
Саудын Арабын төрийн өмчит, газрын тосны Сауди Арамко компани удахгүй хөрөнгийн зах зээлд гарахаар бэлдэж байгаа ба түүний үнэлгээг $2 их наяд хүрч болзошгүй гэж мэргэжилтнүүд тааамаглаж байгаа.
Технологийн бусад компаниуд болох Amazon, Microsoft, Google нэг их наядын өрсөлдөөнд яригдаж байсан ч Apple-ийг гүйцсэнгүй. Тэднээс хамгийн ойр байгаа Amazon-ий үнэлгээ өчигдрийн байдлаар $872.5 тэрбум болоод байна.
Уол Стритийн шинжээчид Apple-ийн хувьцааны үнэ цаашид $212.79 хүрч, зах зээлийн үнэлгээ нь $1.05 их наядад хүрэх боломжтой гэж тооцоолжээ.