Хятадын болоод дэлхийн томоохон кино од Фан Бинбины хаана байгаа нь тодорхойгүй байгаад Хятадын нийгмийн сүлжээний хэрэглэгчид санаа зовниж байна.
39 настай Фан Бинбин нь дэлхийн хамгийн өндөр үнэтэй кино од юм. Тэрээр долдугаар сарын 1-нд хүүхдийн эмнэлэгт айлчилснаасаа хойш олон нийтийн хараанд өртөөгүй байна.
Тэрээр 62 сая дагагчтай өөрийн Weibo цахим хуудсаа тогтмол, идэвхтэй хэрэглэдэг бөгөөд долдугаар сарын 23-наас хойш идэвхгүй байгааг фенүүд нь онцолжээ.
Өнгөрсөн тавдугаар сард Хятадын телевизийн хөтлөгч Кю Ёнгюань жүжигчин бүсгүйг татвараас зайлсхийсэн хэмээн буруутгасан юм. Түүний хэлж байгаагаар Фан Бинбин болон зарим одууд өөрсдийн харьяалагддаг студитэйгээ хоёр гэрээ байгуулдаг гэжээ. Тэрээр нэг дэх гэрээндээ өөрийн орлогыг 10 сая юань хэмээн бууруулан бичдэг байсан бол нөгөө гэрээн дээр жинхэнэ орлого болох 50 сая юанийг бичдэг хэмээжээ.
Студийн зүгээс дээрх мэдэгдлүүдийг үгүйсгэсэн ч үүнтэй холбоотойгоор түүнийг баривчлагдсан байж магадгүй хэмээн шүтэн бишрэгчид нь таамаглаж байгаа аж.
Р.Хишигжаргал