ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас жил бүр зохион байгуулдаг “Цэргийн наадам-2018” олон улсын тэмцээн дол дугаар сарын 28 ны өдөр Москва хотын “Алабино” дахь ОХУ-ын Зэвсэгт хүчний сургалтын төвд нээлтээ хийлээ.
Манай улсын Зэвсэгт хүчнээс “Танкийн биатлон”, “Хээрийн гал тогоо”, Беларусь улсад зохиогдож буй “Мэргэн буудагчийн зааг” гэсэн төрлүүдэд оролцож байгаа.
“Цэргийн наадам-2018” олон улсын тэмцээнд ОХУ, Беларусь, БНХАУ, Армен, Азербайджан, Иран, Казахстан улсад 28 төрөлд дэлхийн 33 улсын 5000 орчим тамирчид оролцож байна. Цэргийн 4 дүгээр их наадам гэгддэг уг тэмцээний нээлтийн арга хэмжээнд ОХУ-ын Батлан хамгаалахын сайд, армийн генерал Сергей Шойгу болон, тэмцээнд оролцогч орнуудын ОХУ-д улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт сайд болон, Батлан хамгаалахын атташе, хүндэт зочид төлөөлөгчид оролцсон байна.
“Танкийн биатлон”, “Хээрийн гал тогоо” төрлүүдэд оролцож буй Монгол Улсын Зэвсэгт хүчний баг тамирчид сугалаа ёсоор энэ сарын 30-ны өдөр тэмцээнээ эхлүүллээ. Манай танкчдын хувьд 4 дэх жилдээ оролцож байгаа аж. Ахлах дэслэгч Р.Ариунболдоор ахлуулсан танкийн нэгдүгээр экипаж Венесуель болон Лаос, Ангол улсын багтай эхний гараанд уралдлаа. “Танкийн биатлон” тэмцээнд оролцогч багууд хамгийн бага хугацаанд 4,1 км замыг туулж цэг бүрт оноогдсон 5 байг амжилттай устгаж барианд орж ирсэн баг тэргүүлдэг. Монголын танкчид байнуудаа бүрэн устгаж 25 минут 10 секундын хугацаанд даалгавараа гүйцэтгэн өөрийнхөө гараанд тэргүүллээ. “Цэргийн наадам-2018” олон улсын тэмцээний ерөнхий шүүгчээр ОХУ-ын Батлан хамгаалахын Хуурай замын цэргийн командлалын байлдааны бэлтгэлийн газрын дарга, хошууч генерал Р.А.Бинюков, Монгол Улсын зэвсэгт хүчнээс тэмцээний олон улсын шүүгчээр Батлан хамгаалах удирдлагын академийн захирал, бригадын генерал Н.Наран-Очир, “Танкийн биатлон” тэмцээний багийн ахлагч, шүүгчээр ЗХЖШ-ын Ар талын газрын Техникийн хангалтын хэлтсийн дарга, хурандаа Ц.Төрмөнх томилогджээ.
Монгол Улсын танкчид 30 экипаж уралдсанаас одоогийн байдлаар 8 дугаар байрт шалгараад байна. 2 дугаар экипаж 8 дугаар сарын 3-ны өдөр мөн адил Венесуель болон Лаосийн 2 дугаар багтай уралдана. 3 дугаар экипаж 8 дугаар сарын 5-ны өдөр тэмцээний ганцаарчилсан төрлийн сүүлийн гараанд Венесуель болон Лаосийн багтай уралдана. “Хээрийн гал тогоо” тэмцээний төрөл нь 2016 оноос эхлэн олон Улсын тэмцээн болон явагдаж эхэлсэн бөгөөд Монгол Улсын Зэвсэгт хүчний баг тамирчид 3 дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил дэлхийн 6 орон оролцож байсан бол энэ жил 12 орны цэргийн тогооч нар өрсөлдөх юм.
12 улс тус бүрийн 4 тогооч 3 сум гарган буудсанаас манай улсын цэргийн тогооч нар өөрийн хэсэгтээ 6 орноос 3 дугаар байранд шалгарч дараагийн шатны тэмцээнээ амжилттай явуулах эрхээ авч чадлаа. “Хээрийн гал тогоо” тэмцээний ирэх өдрүүдэд болох хар хайрцаг, талх нарийн боов, хоолны төрлүүдэд өрсөлдөх юм.