АНУ-ын Сиэтл хотод сураггүй болсон гэх залуугийн тухай зарим зүйлийг түүний ээж Д.Батхишигтэй холбогдон тодрууллаа. Тэрбээр “Edmond Community” коллежид суралцдаг байжээ.
-Таны хүү АНУ-ын Сиэтл хотод сураггүй болсон мэдээлэл байсан. Хэзээ олдсон бэ энэ талаар тодруулаач?
-Тийм ээ. Миний хүү өчигдөр олдсон. Ямар ч байсан хүүгээ олсонд баяртай байна.
-Яаж олов?
-Сиэтл хотод оршин суудаг монголчууд болон АНУ дахь Монголын Элчин Сайдын Яам их тус хүргэсэн. Хамт эрэл хайгуул хийж мэдээлэл өгч байсан.
-Хүү тань олдохдоо ямархуу байдалтай байв. Биеийн байдал нь хэр байна вэ?
-Одоогоор дуугарахгүй байгаа. Ямар ч байсан ганцаараа харанхуй цэцэрлэг дотор л байсан гэсэн. Ерөнхийдөө шокийн байдалтай байна. Уг нь их яриа хөөрөө сайтай хүүхэд юм.
-Биенд нь хүч хэрэглэсэн ямар нэгэн шинж тэмдэг байв уу?
-Байгаагүй.
-Энэ талаар тус хотын Цагдаагийн газрынхан шалгаж байгаа юу?
-Үгүй. Алга болсон гэж тэмдэглэгдсэн байсан. Тухайн хэргийг хариуцсан байцаагч нь энд тэнд байж магадгүй талаар бидэн рүү холбогдож мэдээлэл өгч байсан.
-Та хүүгээ биеийнх нь байдал сайжраад ирэхээр нь яах бодолтой байна вэ?
-Одоогоор сайн мэдэхгүй байна. Нөхөр маань авчирна гэж ярьж байсан. Юу ч гэсэн эхлээд хүүгийнхээ биеийг сайжраад ирэхээр нь ярилцана гэж бодож байна.
Ямартай ч найз нөхөд, хамт олон, Сиэтл дэх монголчуудынхаа тус дэмээр хүүгээ олсондоо маш их баяртай байна. Мөн эдгээр бүх хүнд баярлаж талархаж байгаагаа илэрхийлмээр байна.
Б.Лхам
Сэтгэгдэл (1)