ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Хельсинкийн саммитийн дараах хэвлэлийн хурлын үеэр АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампт 2018 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий албан ёсны бөмбөгийг бэлэглэсэн. Америкийн аюулгүй байдлын ажилчид уг бөмбөгийг нарийн шалгаж нягталсан талаар хэвлэлүүд түхайн үед бичиж байв.
Тэгвэл Америкийн мэдээллийн зарим хэрэгсэл нэгэн дуулиантай мэдээлэл түгээсэн нь “Путины бэлэглэсэн бөмбөг мэдээлэл дамжуулах чиптэй байна” тухай юм. Уг мэдээлллийн мөрөөр сэтгүүлчид холбогдох хүмүүс, зохих байгууллагуудаас мэдээлэл авч байна. Тухайлбал, Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Сара Сандерсаас энэ тухай асуухад “Ерөнхийлөгчид гардуулсан бэлэг бүрт нарийн хяналт, шалгалт хийдэг. Тэр бөмбөгт ч гэсэн хийсэн. Аюулгүй байдлыг хангах асуудлын талаар нарийн мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн хариултыг өгөв. Тэгвэл ФИФА-гийн мэдээлэлд тэмдэглэгдсэнээр ДАШТ-д зориулагдаж үйлдвэрлэгдсэн Германы “Adidas” компанийн бүх бөмбөгт микро чип байдаг бөгөөд зориулалт нь маркетингийн үйл ажиллагаанд чиглэгдсэн гэнэ.
Тодруулбал, тухайн бөмбөг эзэмшигч уг чипний тусламжтайгаар бөмбөгнийхөө хөдөлгөөн болон шилдэг агшинуудыг үзэх, хөлбөмбөгчдийн статистик ба уралдаант таавар зэрэг мэдээллийг авах боломжтой ажээ. Путин Трампт бэлэглэсэн бөмбөг нь ДАШТ-ий хасагдах шатны тоглолтуудад хэрэглэгдсэн Telstar Dream загварынх байв.
Бөмбөгт байрлуулсан микро чип нь NFC төрлийнх бөгөөд уг төхөөрөмжийн үндсэн үүрэг нь мэдээлэл дамжуулах аж. Тэгэхдээ 10 см-ээс дотогш зайд байрлах гар утас, таблеттэй холбогдох юм байна. NFC технологийг утасгүй төлбөр хийх үйлчилгээнд түгээмэл ашигладаг. Кибер аюулгүй байдлын салбарын мэргэжилтэн Скотт Шобэр CNN телевизийн ярилцлагад оролцохдоо “Хоёр төхөөрөмж өөр хоорондоо хэдхэн сантиметрийн зайд байхыг NFC шаарддаг.
Хэрэв хэн нэгэн хүн буруу үйлдэл хийх зорилгодоо энэ технологийг ашиглаж байгаа бол буруу л сонголтыг хийж дээ” хэмээн ярьжээ. Харин сенатор Линдси Грэм Twitter хуудастаа “Хэрэв би байсан бол чиптэй бөмбөгийг Цагаан ордонд оруулахыг зөвшөөрөхгүй байсан” хэмээн жиргэжээ.