Очир эрдэнийн олборлолтоор дэлхийд тэргүүлэгч “De Beers” компани зааны тоо толгойг нэмэгдүүлэх зорилготой ажлын хүрээнд нийт 200 зааныг зэрлэг амьтдын өлгий нутаг Өмнөд Африкаас Мозамбик руу нүүлгэж нутагшуулахаар болжээ. Мөн Өмнөд Африкийн Venetia Limpopo байгалийн нөөц газраас нэмж 70 заан явуулахаар болж байна. 408 мянган га талбайтай Мозамбикийн Зинаве үндэсний паркт ойролцоогоор 60 гаруйхан заан үлдэж, зааны тоо толгой устах аюулд өртөөд байсан юм. Нийт 270 заан нутагшуулахаар авчирсан нь ирээдүйд зааны тоо толгой өсөхөд чухал нөлөөтэй хэмээн үзэж байгаа юм.
Мозамбикт зааны соёог өндөр үнээр худалддаг сүлжээ үүсч үүний улмаас заан хулгайлах явдал газар авсан юм. Сүүлийн таван жилийн хугацаанд зааны тоо толгойн талаас илүү хувийг хулгайн ангаас болж устсаныг судалгаа харуулжээ. Тухайлбал, 2007 оноос хойш Ниасса байгалийн нөөц газрын 11 мянган заан хулгайн анчдын гарт үгүй болжээ.
“De Beers” компани Мозамбикийн хулгайн ангийн эсрэг ‘Peace Parks’ санд жил тутам 100 мянган ам.доллар хандивладаг байна.
Мозамбек хулгайн ангаас гадна 16 жилийн турш үргэлжилсэн Мозамбикийн иргэний дайны үеэр Зинаве паркийн зааны тоо толгой буурч устахад хүрээд байсан гашуун туршлагатай аж. Тус иргэний дайн 1992 онд төгссөн билээ.
ЭХ СУРВАЛЖ: BBC