Английн Тоттэнхэм баг Аргентин тоглогч Эрик Ламела болон Солонгос тоглогч Сон Хён Мин нартай урт хугацааны гэрээг байгууллаа. Сон Хёнтой Тоттэнхэм 2023 он хүртэл таван жилийн гэрээг байгуулсан бол Эрик Ламелатай 2022 он хүртэл дөрвөн жилийн гэрээг байгуулсан байна. Сон Хён Мин -ны хувьд 2015 онд Байер Ливеркусэн багаас ирж байсан ба энэ хугацаанд 140 тоглолтонд 47 гоолыг Хойд Лондонгийн багийн төлөө оруулжээ. Ламелагийн хувьд Рома багаас 2013 онд ирж 154 тоглолтонд 23 гоолыг оруулсан байна.
Сон Хён Мин өнгөрсөн дэлхийн аваргаар шигшээ багтаа хоёр гоолыг оруулсан. Үүний нэг нь Өмнөд Солонгос Германыг буулгаж авч тэднийг тэмцээнээс хассан тоглолтын үеэр болсон юм. Мөн тэрбээр Тоттенхэмийн сүүлийн 55 тоглолтын 53-д нь оролцсон байна.
Сон Хён Мин өнгөрсөн улиралд Премьер лигийн 20 дахь гоолоо оруулснаар бүх цаг үеийн түүхэнд английн Премьер лигт хамгийн олон гоол оруулсан ази тоглогч болсон юм. Өмнө нь энэ амжилтыг 19 гоолтойгоор Манчестер Юнайтэдын Пак Жи Сун эзэмшдэг байжээ.
Эрим Ламелагийн хувьд нутаг нэгт дасгалжуулагч Маурисио Почеттиногийн удирдлаган дор тоглож байгаа. Тэрбээр өмнөх улирлуудад бэртлийн улмаас төдийлөн олон тоглолтод оролцож чадаагүй. Түүний хувьд 2013 онд багт өндөр үнээр элссэнээсээ хойш өөрийгөө төдийлөн сайнаар харуулж амжаагүй байгаа юм.
Л.Сайнбаяр