Хорватын шигшээ баг ДАШТ-нд Францад ялагдсан хэдий ч ард иргэд нь баяр бахархалтайгаар үндэсний багаа угтан авлаа.
Хорватын нийслэл Загреб хотод 250 мянга гаруй хүн улаан цагаан өнгөөр хосолж, төрийн далбаагаа мандуулан тоглогчидтой мэндчилэхээр иржээ. Төв талбайд шүтэн бишрэгчид эгнэн зогсож шигшээ багийнхны тоглогчид гарын үсгийг авч байв.
Шигшээ багийн тоглогчдын сууж явсан автобусны урд талд “Хорватын бахархал” гэж бичсэн бөгөөд хөгжөөн дэмжигчид автобусны хойноос гүйн гайхалтай хэмээн хашгирч, даллаж байлаа. 2018 оны ДАШТ-ий шилдэг тоглогчоор тодорсон Лука Модрич “Баярлалаа Хорват, баярлалаа Загреб” гэжээ.
Хорватын шигшээ баг нутаг руугаа нисэхэд Хорватын агаарын хүчин онгоцыг хамгаалан дагаж явсан байна. Хорватын нийслэл хот Загребийн онгоцны буудал дээр тоглогчид ирэхэд улаан хивс дэвсэж, шүтэн бишрэгчид “Аваргууд” хэмээн хашгирч байсан гэнэ.
4 сая хүн амтай Хорват улсын шигшээ баг Английг хожиж алтын төлөө тоглох эрхээ авсан. Тэд ДАШТ-аас мөнгөн медаль авч Хорватын спортын түүхэнд том амжилт гаргаж, үндэсний бахархал эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон юм.
Европын холбооны шинэ гишүүн Хорват улсын эдийн засаг сул бөгөөд иргэд нь илүү баталгаатай ирээдүйг хайж, улсаасаа гарч байгаа аж. Хорват улсын ерөнхийлөгч Колинда Грабар-Китарович "Энэхүү амжилт Хорватын эв нэгдэлд ямар их ач холбогдолтойг үгээр илэрхийлж чадахгүй байна. Энэ нь эдийн засгийн өсөлтийг сайжруулж, залуу иргэдийг буцаж улсдаа ирэхэд нөлөөлнө хэмээн найдаж байна. Түүнчлэн Хорват жижиг улс хэдий ч спорт, шинжлэх ухаан, соёлын салбарт өөрчлөлт хийхээр төлөвлөж байна. Би зөвхөн хөл бөмбөгийн багаараа биш улсаараа бахархаж байна" хэмээжээ.
Хорватын төмөр замын компаниуд Загреб руу явах тасалбарын үнийг хоёр дахин буулгаж, хотын эрх мэдэлтнүүд нийтийн тээврийг үнэгүй болгожээ.