Малайзын экс Ерөнхий сайд Нажиб Разакийг өчигдөр буюу дол дугаар сарын 3-ны өдөр баривчилсан билээ. Тэгвэл өнөөдөр түүний шүүх хурал болох юм. Түүнийг улсын хөрөнгөөс их хэмжээний мөнгө хувьдаа завшсан мөн авилга, мөнгө угаасан хэрэгт холбоотой хэмээн шалгаж байгаа юм.
Түүний данс руу шилжин орсон 42 сая ринггитийн (10.6 сая ам.доллор) сэжигтэй гүйлгээтэй холбогдуулан баривчилсан хэмээн Малайзын Засгийн газрын 1MBD сангаас алдагдсан мөнгийг мөрдөн шалгах албаныхан мэдэгджээ.
Мөрдөн шалгах албаныхан түүний эхнэрийн эзэмшлийн байруудад нэгжлэг хийхдээ 12000 ширхэг алтан гинж, бугуйвч, тансаг брэндийн 567 цүнх, 423 бугуйн цагийг битүүмжлэн хураажээ. Нэгжлэгийн үр дүнд нийт 1.1 тэрбум ринггит буюу 272 сая ам.доллорын үнэлгээтэй эд зүйлсийг хураасан байна. АНУ-ын хуулийнхан 1MDB сангаас алдагдсан хөрөнгийг 4.5 тэрбум ам.доллор гэж тооцоолоод байгаа юм.
Тус хэргийг мөрдөн шалгах ажлын хүрээнд нийт 81 хувь хүн, 55 компанийн нэр дээр байдаг банкны 408 дансыг царцаажээ. 2011-2015 оны хооронд тэдгээр дансанд 1MDB сангаас янз бүрийн хэмжээний мөнгө шилжиж байсан юм. Тэдгээрт одоогоор нийтдээ 1.1 тэрбум ринггитийн бэлэн мөнгө байгааг мөрдөн байцаагчид мэдээлсэн байна.
Малайзын экс Ерөнхий сайд Нажиб Разакийг авилга хээл хахуулиас гадна хүн амины хэрэгт ч холбоотой байж болзошгүй хэмээн сэжиглэж байсан. Тухайлбал, одоогоос 11 жилийн өмнө буюу 2006 оны арав дугаар сарын 19-ний өдөр Монгол бүсгүйн цогцос Малайзын Куала Лумпур хотын захын ойролцоох ойгоос юу ч үгүй болтлоо зэрэмдэглүүлсэн байдалтай олдсон байдаг. Энэ хэрэгт Нажиб Разак болон түүний дотнын найз, батлан хамгаалахын зөвлөх, улс төрийн шинжээч Абдул Разак Багинда нарыг сэжигтнээр татаж байцаалт авч байсан удаатай. А.Р.Багинда, хохирогч эмэгтэй нар дотно харилцаатай байсан гэдэг. Гэвч А.Р.Багинда түүнийг огт танихгүй хэмээн мэдүүлжээ. Энэ хэргийг улс төрийн захиалгат аллага хэмээн зарим шинжээчид үздэг.
Малайзын шинэ Ерөнхий сайд Махатир Мохамадад Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уг хэргийг дахин шалгаж ар гэрийнхэн нэхэмжлэлийг барагдуулж, хэргийн захиалагчийг олж шүүхээр шударгаар шийдвэрлэхэд анхаарал хандуулахыг хүссэн илгээмж явуулсан билээ.
Р.Хишигжаргал
Сэтгэгдэл (1)