БНАСАУ өнгөрсөн пүрэв гарагт Пунгери дэх цөмийн полигон, байгууламжаа бүрэн татан буулгалаа гэж тус улсын мэдээллийн ЦТАК агентлаг мэдээллээ. “Өнөөдөр Пунгери дэх полигоныг бүрэн татан буулгалаа” гэж мэдээлэлд дурдсан байна. Цөмийн байгууламжуудыг устгах үед цацраг идэвхит бодис тархаагүй гэжээ.
“Солонгосын хөдөлмөрийн нам, БНАСАУ-ын цөмийн зэвсэглэлийн хүрээлэнгийн шийдвэрээр БНАСАУ тавдугаар сасрын 24-нд умард дахь цөмийн полигоноо бүрэн татан буулгах ёслол хийлээ” гэсэн байна.
Мөн “Цөмийн полигоныг устгах ажиллагааг дараах байдлаар хийлээ. Байгууламжууд руу орох бүх хаалгыг тэсэлж, дотогш нэвтрэхээргүй болголоо. Мөн хамгаалалтын бүх байгууламж, ажиглалтын цэгүүдийн дэлбэллээ” гэж агентлагийн мэдээнд дурдаад цөмийн байгууламжийн орчныг бүрэн хаалаа гэжээ.
Пунгери бол БНАСАУ-ын цөмийн хөтөлбөр хэрэгжүүлэх гол байгууламж. Энд 2006-2017 он цөмийн зургаан туршилт хийсний нэг нь халуун цөмийн бөмбөг байсан юм.
Цөмийн байгууламж устгах энэ ажиллагааг үзүүлэхээр Их Британи, Хятад, Орос, АНУ, Өмнөд Солонгосын сэтгүүлч, хэвлэл мэдээллийнхнийг БНАСАУ урьж байлцуулсан байна.
Сэтгэгдэл (1)