Цаг агаар таатай байвал БНАСАУ-д очоод байгаа гадаадын сэтгүүлч, сурвалжлагчид өнөөдөр тус улсын умард нутагт байдаг цөмийн байгууламж, полигонд хүрэлцэн очно гэж РИА Новости агентлаг мэдээллээ.
“Цаг агаар таатай байвал сэтгүүлчид цөмийн полигонд лхагва гарагийн өглөө очно” гэж эх сурвалж хэлжээ.
БНАСАУ цөмийн “Пунгери” полигоноо тавдугаар сарын 23-25-ны өдрүүдэд хаахаар шийдвэрлэсэнийг тус улсын мэдээллийн ЦТАК агентлаг дамжуулсан юм. Полигон руу орох орц, эргэн тойрны байгууламжийг бүрэн устгахаар төлөвлөжээ. Эндхийн байгууламжид ажиллаж байсан эрдэм шинжилгээний ажилтнууд, хамгаалалтынхныг бүгдийг нь гаргасан байна. Олборлох уурхайг дэлбэлж судалгааны хүрээлэн, хамгаалалтын цэгүүд гээд бүх байгууламжийн буулгаж зөөх гэнэ.
Гадаадын сэтгүүлчдйиг суулгасан онгоц Вонсан хотын ойролцоох Кальма нисэх буудалд газардлаа гэж РИА Новости агентлагийн сурвалжлагч БНАСАУ-аас үүний өмнө дамжуулсан юм. Гэхдээ онгоцонд Умард Солонгосын талын төлөөлөгчид, өмнөд солонгосын сэтгүүлч сурвалжлагчид байгаагүй гэнэ.
Умард Солонгосын тал цөмийн байгууламж устгах үйл явдлыг сурвалжлах өмнөд Солонгосын сэтгүүлчдээс 10 мянган долларын төлбөр нэхэмжилсэн гэсэн мэдээлэл бас тарсан. Өмнөд Солонгосын Үндэстнийг нэгтгэх яам энэ мэдээллийг батлаагүй байна.
Яамны нэрээ хэлэхийг хүсээгүй албан ёсны төлөөлөгч “Би энэ тухай анх удаагаа л сонсч байна” гэжээ.