Литва улсын ерөнхий прокурорын газраас ЗХУ-ын Батлан хамгаалахын сайд байсан, маршал Дмитрий Язовыг “хүн төрөлхтний эсрэг гэмт хэргийнх нь төлөө бүх насаар нь хорих ял оноохыг шаардлаа” гэж мэдээллийн BNS агентлаг мэдээлжээ.
Литвийн Ерөанхий прокурорын газрын төлөөлөгч Дайва Скорпускайте-Лисаускенийн мэдэгдсэнээр бол Язоваас гадна ЗХУ-ын Дотоод хэргийн сайдын орлогч байсан Николай Демидов, цэргийн тойргийн командлагч Василий Савин нарыг бас бүх насаар нь хорих ял төлөвлөсөн гэнэ. “Дмитрий Язовыг 1990 оны сүүлчээр цэргийн болон улс төрийн 160 гаруй хүнтэй нууц бүлэг байгуулан тусгаар тогтноод байсан Литвыг ЗХУ-д эргүүлэн нэгтгэх хуйвалдаан зохион байгуулсан хэрэгт буруутгаж байна” хэмээн ялын төлөвлөгөөнд дурджээ. Энэ 160 хүний дотор ЗХУ-ын Дотоод хэргийн сайд Борис Пуго, Улсын Аюулаас хамгаалах газрын дарга Владимир Крючков, ЗХУ-ын коммунист намын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн Олег Шенин нарын нэр байна.
Өдгөө Москвад амьдарч байгаа 93 настай Язовыг “цэргийн гэмт хэрэг”, “хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг” гэсэн зүйлчлэлээр эчнээ яллаж “олон улсын хүний эрхийг зөрчиж хүний амь хөнөөсөн, цэргийн зэвсэглэл хэрэглэн цэргийн хүчээр дайрч хүмүүнлэгийн зарчмуудыг зөрчсөн” гэжээ.
Литвын эрх баригчдын иш үндэс болгосноор бол 1991 оны нэгдүгээр сарын 13-нд зөвлөлтийн цэргүүд Литвийн Радио телевизийн барилга руу дайрах үеэр 14 хүн амь үрэгдэж, 1000 гаруй шархадсаны 14 нь хүнд гэмтэл авсан гэнэ. Энэ хэргийн төлөө оросын чөлөөнд байгаа хурандаа Юрий Мелийг 2014 оны гуравдугаар сард литвийн хууль сахиулагчид баривчилж шүүсэн бол өөр 60 хүнийг эчнээгээр яллажээ.
Сэтгэгдэл (5)